Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''
Дэлхийн түүхийг ''Ковид 19-ын өмнөх ба дараах'' хэмээн хуваахад буруудахгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж буй энэ цагт хүмүүсийн амьдралд олон өөрчлөлтүүд гарч буйн жишээ бол яахын аргагүй хөл хорионы хамтрагчаасаа ''залхах'', гэр бүл салалтын тоо ихэсч байгаа явдал юм. Хятад улс хоёр сар үргэлжилсэн хөл хориогоо цуцалсны дараа салалтын төвшин 25%-иар нэмэгдсэн тухай Блүүмберг агентлаг мэдээлсэн. Тэгвэл дэлхийн бусад орнуудаас харьцангуй хожим хөл хорионд орсон АНУ-ын Нью Йорк хотод оршин суух Ази гаралтай Америк бүсгүй болох Наташа Хуан Смитийн нэгэн түүхийг Саак.мн онцолж байна.
''Хэрэв 2020 оны хаврыг үхлийн аюулт вируст "дээрэлхүүлж", ганц унтлагын өрөөтэй 80м.кв байрандаа нэг настай хүү болоод нөхөртэйгөө хамт хөл хорионд өнгөрөөнө гэж хэн нэгэн надад хэлсэн бол би тэр хүнийг ''солиорчээ'' гэж бодох байлаа. Гэсэн хэдий ч өнөөгийн байдал дээр энэхүү зүйл болж байна. Хувийн орон зай гэдэг хэзээд надад нэн чухал байсаар ирсэн. Нөхөртэйгөө таван жилийн өмнө гэрлэхдээ амьдралынхаа хором мөч бүрийг түүнтэй хамт өнгөрүүлнэ гэж санасангүй. Гэрлэлтийн амин чухал дүрэм нь бие биенийгээ байгаагаар нь хүлээж авахад оршдог ч бид гэрлэлтийн эхний жилүүддээ нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авахаас илүүтэйгээр нэгнээсээ ''зугтаж'' байсан гэхэд болно. Энгийн үед би нөхөр, хүү хоёртойгоо хамт өглөөг эхлүүлж, дараа нь гэрээсээ ажлаа хийдэг. Ажлаа дуусгаад найзуудтайгаа уулзаж, дэлгүүр хэснэ, ресторан орно. Харин нөхөр маань монголчуудын нэрлэж заншсанаар "гэр амьтай" нэгэн бөгөөд орой ажлаа тарангуутаа гэртээ ирж, зурагтын өмнө шарсан тахиа идээд суухыг эрмэлздэг. Үнэн гэвэл бид хөл хорионы өмнө тийм ч их цагийг хамтдаа өнгөрөөдөггүй байсан. Энэ нь бидний хувьд огтхон ч асуудал байгаагүй. Харин ч хамтдаа өнгөрөөх хэсэгхэн цагаа илүү эрхэмлэж утга учиртай өнгөрүүлэхийг зорьдог байлаа.
Өнгөрсөн жил бидний амьдралд нэгэн онцлох үйл явдал тохиолдож бидний хүү Жексон мэндэлсэн юм. Нөхөр бид хоёр хүүхэд өсгөх тал дээр гайхамшигтай гар нийлж байсан гэхэд болно. Бид Калифорнийн хоёр давхар байшингаасаа Нью Йорк хотод орших жижигхэн 80м2 орон сууцанд нүүж ирэв. Бидний нүүж орсон хоёрхон өрөөтэй давчуу байранд хүүхдийн өрөөний оронд хүүхдийн ор тавих давчуу зай л олдож билээ. Ингээд дэлхий дахиныг донсолгосон аюулт тахал гарч хөл хорио эхэлж, нөхөр минь гэрээсээ ажиллах болсон юм.
Эхэндээ нөхөр минь намайг гэртээ ямар их ажил амжуулдгийг ойлгож овоорсон их гэрийн ажил, нэг ойтой хүүгээ өсгөх ажилд тусална гэж би найдаж байлаа. Гэсэн хэдий ч тэр гэрийн ажилд огт туслаагүйгээр барахгүй ажлаа хийхээс ч улам залхуурч гал тогоо, том өрөөний буйдан хоёрын голд ''эргэлдэх'' болов.
Өдөрт амжуулдаг ажлууд минь өмнөхөөсөө хөнгөрсөнгүй. Харин ч илүү ихсэж нэг настай хүүгээсээ гадна нөхрөө ''асрах'' ажил надад оногдов. Стрессээс зугтах газар үгүй болсон байв. Би нөхрөө миний ''бодлыг уншиж'', гэрийн ажлаас минь хөнгөвчлөхийг хүсэж байлаа. "Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа" гэж бодох үе ч гарч байлаа. Нөхөр минь яагаад бохир аяга таваг дүүрсэн угаалтуурыг хараад ''Үүнийг угааж цэвэрлэх цаг нь болж дээ'' гэж боддоггүй юм бол!? Би хүнээс тусламж гуйж чаддаггүй төрлийн хүн болохоор байдлыг улам л хүндрүүлж байлаа. Хүнээс сэтгэлийг гуйж гаргуулдаггүй гэж үг байдаг даа.
Хөл хорионы эхний хэдэн 7 хоног ийм байдалтай өнгөрч би гэдэг хүн хөл хорионы стресст автсан байв. Заримдаа сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж дотроо онгойлгодог болов. Ингээд надад амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгарав. Би эмх замбараагүй зүйл хараад л шууд цэвэрлэж эхэлдгээ болив. Нөхөртөө даалгасан ажлаа өмнүүр нь орж амжуулдгаа ч болив. Ингээд хэдэн хоног өнгөрч, гэр эмх замбараагаа алдаж нөхөр минь гэрийн ажилд туслалцахаас өөр сонголтгүйгээ ухаарч эхлэв. Нөхрөө ажил, амьдралаа хослуулж миний өдөр тутам үүрдэг ачааг үүрэлцэж буйг хараад дотроо бахархах сэтгэл төрж байлаа. Эхэндээ нөхөр минь уур уцаараа барж, хараалын үгс ''урсгадаг'' байсан ч сүүлдээ гэрийн ажилд туслалцах нь түүний үүрэг гэдгийг ойлгосон юм.
Ахуйн дарамт гэгчийг ганцаараа''эдлэж'' супер эхнэр байх нь боломжгүй гэдгийг ийн ойлгож билээ.
Надтай адил зүйл тохиолдож стресст автсан олон ээжүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тусламж гуйх нь чамайг муу ээж гэдгийг харуулж буй хэрэг бус, харин өөрийгөө, гэр бүлээ хайрладаг эмэгтэй гэдгийг харуулж буй хэрэг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Ээжүүд өөртөө хэтэрсэн ажил үүрэг оноож, үүнийгээ биелүүлэхийн тулд өөрийгөө умартах нь тийм ч ухаалаг шийд биш ажээ. Тиймдээ ч энэ тахлын үеийг салалтгүйгээр, стрессгүйгээр даван туулахын тулд нөхрөөсөө эсвэл өөр хэн нэгнээс тусламж гуйж, өөртөө цаг гаргаж, үүндээ өөрийгөө буруутгалгүй сэтгэцийн эрүүл мэндээ нэгт тавьж өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.
Эх сурвалж: https://www.harpersbazaar.com/