Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12 цагаас мөрдөж эхлэв.
Өнөөдөр арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 3. Бидний ярьж заншсанаар энэ сайн өдрийг сонгон авч, нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхлэх цагийг морин цаг гэж товлосон юм.
1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх асуудлыг сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүд төслийг дөрвөн удаа өргөн барьж байжээ.
Хамгийн сүүлийн төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан юм. Ингээд УИХ-аар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад арван нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж, Еөрнхийлөгч Монгол Улс Тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 95 жилийн ойн өдөр буюу арван нэгдүгээр сарын 26-ны өдөр ёсчлон баталсан юм.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.
Сэтгэгдэл бичих