Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ирэх сард ашиглалтад орно
ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүстэй санал солилцлоо.
Мөн тус паркийн чиглэлд барьж буй хүнд даацын автомашин зорчих замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Өмнө нь тэрбээр энд ирж ажиллахдаа чанарын шаардлага хангахгүй брожур тавьсан байсныг сольж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам барихаар болж, гүйцэтгэгч компаниуд 2018 онд ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийж байна.
Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай бөгөөд зургаадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байгааг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.