Токиогийн Ерөнхий прокурорын газрын дарга мөрийтэй тоглоом тоглосныхоо төлөө огцорно
Японы нийслэл Токио хотын Ерөнхий Прокурорын газрын дарга Хиромү Курокаваг онц байдлын үеэр хууль бусаар мөрийтэй тоглосон талаар Японы нэгэн сэтгүүлд бичсэн байна. Тэрбээр онцгой байдал зарласан энэ хугацаанд танил сэтгүүлчийн гэрт Маажян даалуу тоглосон баримт олон нийтэд дэлгэгдээд байна. Онцгой байдал зарласан үед шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулж, үүнийг ард иргэд нийтээрээ дагаж мөрдөж байгаа ба хуульч хүн ингэж оройн цагаар гарч мөрийтэй тоглоом тоглож байгаа нь буруу гэж хэвлэлээр шуугиж байгаа юм.
Маажян даалуу нь нь мөнгө тавьж мөрийтэй тоглох тоглоомын нэгэн төрөл бөгөөд хуулиараа хориглогдсон байдаг аж. Күрогава прокурорыг засгийн газар үргэлжлүүлэн ажиллах тухай санал дэвшүүлж байсан ч бусад намууд эсэргүүцэж, шийдвэрлэгдээгүй байсан юм байна. Олон нийт ийм байдлаа ухамсарлаж ажлаа өгөх нь зөв гэж үзэж байгаа бөгөөд Күрогава прокурор өөрөө ч хариуцлага хүлээж ажлаасаа бууна хэмээн ярьжээ.
Үүнтэй холбоотойгоор Хиромү Курокава албан тушаалаасаа огцрох нь гарцаагүй хэмээн ЭнЭйчКэй зэрэг Японы хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд мэдээлж байна. Тэрээр ийнхүү коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор тогтоосон онц байдлын дэглэмийг зөрчиж, хууль бусаар мөрийтэй тоглосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ойрын хүн гэгддэг Курокава прокуроруудын тэтгэвэрт гарах насыг 63-аас 65 болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлагчдын нэг юм.
63 настай Курокавагийн тэтгэвэрт гарах нас болсон ч засгийн газраас түүнд үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон байжээ. Коронавирусын халдварын дэгдэлтийн үед хангалттай арга хэмжээ авч чадаагүй хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд ойрын хүрээллийнх нь албан тушаалтан ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгаа аж.
Японд коронавирусын халдвар авсан 16 433 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын улмаас 784 хүн нас бараад байгаа билээ. Халдварын тархалт бусад улс орнуудынхтай харьцуулахад буурсан учир Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх пүрэв гарагт зарим мужууд дахь онц байдлын дэглэмийг цуцлах шийдвэр гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Aljazeera