Нүүрсний экспорт жигдрэхэд багагүй хугацаа орохоор байна
БНХАУ-тай хийсэн манай улсын гадаад худалдааны эргэлт 40 гаруй хувиар буурчээ
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Үүний борлуулалтаас 1.3 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон билээ. Гэвч COVID-19 цар тахлын хөл хорионоос үүдэн нүүрс тээвэрлэлт удаан хугацаагаар зогссон. Харин гуравдугаар сарын 15-ны өдрөөс тээвэрлэлт сэргэсэн боловч хэвийн горимдоо ороход багагүй хугацаа орох бололтой. Улсын хэмжээнд хилээр нүүрс тээврийн 400 орчим автомашин хилээр өдөрт гарч байна. Үүний тал нь Гашуунсухайтын боомтоор нэвтэрч байгаа аж. БНХАУ-тай хийсэн манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний улиралд 1.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ.
Төлөвлөгөөт нүүрсний экспортын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлэх учиртай “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн долоо хоногт 49.5 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Он гарсаар нийтдээ тус компани 902.4 сая тонн нүүрс экспортолсон бол орон нутгийн өмчит “Тавантолгой” компани 600 орчим мянган тонн нүүрс борлуулаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь ойролцоогоор хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой”-н нүүрсний олборлолт, борлуулалт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч хөрс хуулалтын ажлаа энэ сарын дундаас зогсоосон билээ. Тэгвэл Шивээхүрэн-Сэхэ боомтын экспорт сэргэснээс хойш нэг сарын хугацаанд SouthGobi Resources компани 90 мянган тонн нүүрс экспортлоод байна. Тус компани одоо агуулахаасаа борлуулалт хийж байгаа учир тавдугаар сард нүүрс олборлохгүй гэдгээ мэдэгдсэн.
Үүнээс гадна энэ оны эхний улиралд 13-18 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар компанийн зүгээс өмнө мэдээлж байсан. Өнгөрсөн оны эхний улиралд SouthGobi Resources 2.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ. Нүүрсний экспортод томоохон байр суурь эзлэх Mongolian Mining Corporation-ийн нүүрсний гарц жилийн өмнөхтэй харьцуулахад энэ оны эхний улиралд нэг хувиар нэмэгдэж, 1.8 сая тонн болсон. Хэдий тийм боловч энэ нь өмнөх улирлынхаасаа 38 хувиар буурсан дүн. Угаасан коксжих нүүрсний борлуулалт жилийн өмнөхөөс 39 хувиар, өмнөх улирлаас 50 хувиар буурч, 607.7 мянган тонн болсон талаар ээлжит тайландаа дурджээ.
Эх сурвалж: zgm.mn