Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн хяналт шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу байгаа цөөнгүй зөрчил илэрчээ.
Тодруулбал, тус газрын дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11-ийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан. Мөн хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгсэл нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй байна. Нэг ёсондоо хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас юу ч хийж ажиллаагүй байна гэсэн дүн гарчээ.
Энэ талаар өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулсан юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар тэрээр мэдээлсэн юм.
Хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу байгаагаас гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдэд цаг хэтрүүлэн ажиллах, дуу чимээ их, эрүүл ахуйн шаардлага, ариун цэвэр хангаагүй, зөвшөөрөлгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрчээ. Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дахь орон сууцны тохижилт болон газартай холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ.