Иракийн Үндэсний тагнуулын албанаас өнгөрсөн жил устгасан Исламын улс алан хядагч бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Багдадийн оронд шинэ тэргүүн болох боломжтой хүмүүсийн нэг Абдуллах Кардашийг баривчилсан гэж “ИНА” агентлагаас мэдээлжээ. Түүнээс гадна түүнийг нэрээ нууцалсан алан хядагчдын нэг болохыг онцолсон байна.
Хэвлэлийнхэн Кардашийг энэ алан хядах бүлэглэлийн шинэ тэргүүн гэж нэрлэсэн аж. “The Guardian” сонинд Иракийн иргэн Амир Мохаммед Абдул Рахман аль Мамли аль Сальби, Исламын алан хядагч бүлэглэлийг байгуулсан хүмүүсийн нэг гэж бичжээ. Мөн Иракийн тагнуулын албаны төлөөлөгчдөөс сонинд өгсөн мэдээллээр түүнийг өмнөх тэргүүн Абу Бакр Багдадийг устгаснаас хэдэн цагийн дараа энэ алан хядагч бүлэглэлийн тэргүүнээр сонгосон байна. Түүнээс гадна Багдадийг устгахаас өмнө АНУ-ын Төрийн департаментаас Амирийг Исламын улс алан хядагч бүлэглэлийн тэргүүний байр суурийг эзлэх боломжтой нэгэн гэж мэдээлж байжээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жилийн аравдугаар сард Сирийн захиргаанд байгаа Идлиб мужид АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр Багдадийг устгасан гэж мэдэгдсэн байна. Тэрээр алан хядагч бүлэглэлийн удирдагч асан Багдадийг устгахад ОХУ, Турк, Сири, Ирак улс тусалсанд талархсан аж. Исламынхантай холбоотой нэг цахим хуудаст алан хядагч энэ бүлэглэл удирдагчаа нас барсан гэж мэдэгдсэнийг бичжээ. Иракийн аюулгүй албаны хэвлэлийн албанаас Кардашийг Иракийн цэргийнхэн рүү халдахад ашигласан химийн зэвсгийг үйлдвэрлэх ажлыг хариуцаж байсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Исламын улс алан хядагч бүлэглэл болон бусад алан хядагч бүлэглэлийн хооронд хэлэлцээр хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.
Эх сурвалж: The Guardian