Унгар улсад трансжендер иргэд хүйсээ солиулах боломжгүй боллоо. Тус улсын парламент трансжендер хүмүүсийг хүйсээ солиулсан тухай өөрчлөлтийг хувийн бичиг баримтандаа оруулахыг хориглосон хуулийг батлажээ. Тодруулбал, энэхүү хуулинд тухайн иргэнийг анх төрөхөд нь бүртгэсэн хүйсийг дахиж өөрчлөх боломжгүй гэжээ. Энэхүү хуулийг эрх баригч, хэт барууны үндсэрхэг үзэлт Фидеш намаас боловсруулсан бөгөөд парламентын гишүүдийн 133:57 гэсэн саналаар батлагджээ.
Хүний эрхийн байгууллагуудын зүгээс уг хуулийг ЛГБТ хүрээллийн иргэдийн эсрэг чиглэсэн, тэдний эрхийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Учир нь трансжендер хүмүүс хүйсээ солиулах эрхгүй болж байгаагаас гадна энэхүү хууль батлагдахаас өмнө хүйсээ солиулсан иргэдийн бичиг баримт хүчингүй болох нөхцөл байдал үүсээд байна.
Трансжендер хүмүүст улсаа орхин гарах аль эсвэл өдөр тутмын доромжлолыг тэсч амьдрах зам үлдэж байгаа бөгөөд тэдний заримд нь амиа егүүтгэх бодол төрж эхлээд байгаа талаар Унгарын Трансванилла Трансжендерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Тина Корлос Орбан ярьжээ.
Харин цагаачдын бодлогыг эсэргүүцэгч, үндсэрхэг үзэлт ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн Унгарын засгийн газраас энэхүү хуулийг хуулин дахь тодорхой бус байдлыг арилгахад чиглэгдсэн гэж тайлбарласан юм.
Уг хууль нь хэн нэгний өөрийгөө илэрхийлэх эрхийг огтхон ч боогдуулж хаагаагүй бөгөөд зөвхөн хүүхдийн биологийн хүйсийг нь төрөхөд нь ямар байсан түүгээр нь бүртгэх зорилготой гэжээ.
Парламентаар батлагдсан хуулийг ерөнхийлөгчид илгээсэн бөгөөд тэрээр гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болжээ. Хүний эрхийн байгууллагуудын зүгээс түүнийг хуульд гарын үсэг зуруулахгүйн төлөө хичээн ажиллахаа мэдэгджээ. Унгарын ерөнхийлөгч Янош Адер эрх баригч Фидеш намаас нэр дэвшин, сонгогдсон төрийн тэргүүн юм.
Эх сурвалж: BBC