Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан.
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй. Үүнд нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.
Тус намаас нэр дэвшигчид ”Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн төгсөгчид,эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан,арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ.Мөн Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.