6-р сарын 1-ээс томоохон нислэгийн компаниуд үйл ажиллагаагаа сэргээнэ
Дэлхий дахинд тархаад байсан коронавирусын аюул холдож, хориг суларч, өвчин бүрэн хяналтанд орж буй тул дэлхийн тэргүүлэгч гурван авиакомпани буюу Катар Эйрвайс /Qatar Airways/, Туркиш Эйрлайнес /Turkish Airlines/, Кореан Эйр /Korean Air/ команиуд ирэх 6-р сарын 1-нээс нислэгийн чиглэл, давтамжаа нэмэгдүүлж, хэвийн үйл ажиллагаандаа орох бэлтгэлээ хангана хэмээн мэдэгдлээ.
БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани ирэх 6-р сарын нэгнээс Вашигтон, Сингапур, Бээжин, Торонто, Франкфурт, Куала Лумпур зэрэг олон улсын 19 чиглэлд эргэн нислэг үйлдэж эхлэхээр болсоны зэрэгцээ одоо үйлдэж буй олон улсын 13 чиглэлийн нислэгээ 6-р сард 32 болгоно. Ингэснээр одоо үйлдэж буй 55 нислэгээ долоо хоногт 146 болгон өргөжүүлэх юм байна.
Тус компани гуравдугаар сарын эхнээс олон улсын чиглэлийн нислэгүүдийнхээ 90 гаруй хувийг зогсоосон. Ингэснээр “Korean Air”-ийн алдагдал 2019 онд огцом нэмэгдэж, 625 тэрбум вон хүрсэн байна. Воны ханш суларч, эрэлт буурсан нь үүнд нөлөөлжээ.
Харин Катар Эйрвэйс одоо нислэг үйлдэж буй олон улсын 52 чиглэлээ 6-р сард 80 болгон өргөжүүлнэ гэлээ.
Нөхцөл байдалд хамгийн өөдрөг хандаж буй нь Туркиш Эйрлайнес байна. Туркийн Anadolu болон Reuters агентлагийн мэдээллээр 6-р сар гэхэд дийлэнх чиглэлийн нислэгээ сэргээнэ хэмээн амалж байна. Бусад авиакомпаниудтай харьцуулахад Туркиш Эйрлайнес коронавирусын үед иргэний агаарын тээвэртээ бүрэн зогсолт хийсэн авиакомпани бөгөөд зогсолт 5-р сарын 28 хүртэл үргэлжлэнэ.
Туркиш Эйрлайнес компани 6-р сард олон улсын 22 чиглэлд долоо хоногт 75 нислэг үйлдэж эхлэн аажмаар 7-р сар гэхэд олон улсын 103 чиглэлд долоо хоногт 572 нислэг үйлдэх ба 8-р сард олон улсын 160 чиглэлд долоо хоногт 937 нислэг үйлдэнэ хэмээн төлөвлөжээ.
Эх сурвалж: forbes.com