ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна
Цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрээр "Өнөөдөр нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа бүрэн дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнүүдээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас илэрлээ. Өмнө нь энэ сургуулийн 55 оюутнаас илэрсэн. Эдгээр оюутан онгоцонд хамт сууж ирсэн.
ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг үнэлэгдсэн" гэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.