Европын холбооны хар жагсаалтаас үүсэх эрсдлийг нэрлэж байна
- Сонгуулиар санал авахын төлөө бус, санхүүгийн системээ сайжруулж, тэвчиж болох зардлаа танахыг зөвлөлөө
Монгол Улсыг мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад Европын холбоо оруулсан асуудлаар эдийн засагч, улстөрчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Эдийн засагчид нөхцөл байдлыг харьцангуй бодитоор харж байгаа бол улстөрчид үгүйсгэж, хар, саарал жагсаалтын өнгөний талаар маргахаас хэтрэхгүй нь. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд энэ шийдвэр ямар нөлөө үзүүлэх талаар СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Траян Лауренцю Христеа нарын байр суурийг товчхон хүргэе.
Санхүүгийн системээ сайжруулах нь чухал
ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕА Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд
-Монгол Улс Европын холбооны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад орвол эдийн засагт ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Европын холбооны хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж болон хууль ёсны худалдаа хэвийн үргэлжилнэ. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах эсэх нь бизнесийнхний гаргах шийдвэр. Тэд FATF-ын жагсаалтад тулгуурлаад, Монгол Улсын дотоод нөхцөл байдлыг аль хэдийн олоод харчихсан байгаа. Тиймээс Европын холбооны жагсаалт өнөөг хүртэл гаргасан шийдвэрт нь төдийлэн нөлөөлөхгүй. Мэдээж, би бүх хөрөнгө оруулагчийн өмнөөс энд байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ тавигдаж байгаа гол шаардлага нь санхүүгийн системтэй холбоотой гэдгийг тодорхой хэлье.
Гаднын улсын янз бүрийн нөхцөлтэй, өндөр хүүтэй зээлээр амь зогоох байх
Д.БАТЖАРГАЛ СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал
-Европын холбооноос мөнгө угаахын эсрэг тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад Монгол Улсыг нэмэхээр хэлэлцэж байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
-Эдийн засаг хүндэрч, давагдашгүй хүчин зүйл үүссэн энэ хүнд үед хар жагсаалтад орно гэдэг Монгол Улсыг гаднаас дэмжих, хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд олон зүйл хаагдахад хүрэх байх. Гол шалтгаан нь Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагаа төрөл бүрийн хэлбэрээр явагдаж, хар тамхины наймаа, авлига, алт нууцаар хил давуулах зэргээр асар их хэмжээний далд эдийн засаг бий болчихоод байгаад оршиж байна. Ингэснээр улс орнуудын итгэлийг алдаж, хөрөнгө оруулалт татарч, ганцаардахад хүрнэ. Ийм хүндрэлтэй нөхцөлд гаднын улсын янз бүрийн болзолтой, өндөр хүүтэй зээлээр л амь зогоох болов уу. Энэ нь эдийн засгийн хувьд аль нэг улсын хараат болно л гэсэн үг. Гэхдээ хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэр гараагүй, багтаах талаар ярилцаж байгаа гэж ойлгож байна.
-Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Тэвчиж болох зардлаа танаж, хэмнэлт хийж, байгаа оносон шийдвэр гаргаж явах ёстой. Гэтэл УИХ-ын сонгууль угтаж, бүтээн байгуулалт заавал хийвэл санал авна гэсэн хандлагатай байгааг хүн болгон харж байна. Хүмүүсийн байнгын харилцаанд эдийн засаг амилж байдаг. Гэтэл энэ амин сүнсийг нь хааж, хөлийг нь хорьчихоор эдийн засаг зогсонги байдалд орно л доо.