Банкуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх арга болон комплаенс тогтолцоо
Дэлхийн топ таван банкны нэг болох “HSBC Holdings”-ын ажилтан Эвэрит Стерн тус банктай холбоотой 180 гаруй тэрбум ам.долларын мөнгө угаах үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн байна. Энэ явдлаас улбаалаад тус банканд хяналт шалгалт хийгдэж, олон улсын хэмжээний томоохон хууль бус үйл ажиллагааны мөнгийг угаахад оролцсон болох нь Нью-Йорк хотын шүүхээр тогтоогдож 1.9 тэрбум ам.долларын торгууль төлжээ. Үүний дараа энэ төрлийн эрсдэл дахин гарахаас сэргийлж “HSBC Holdings” банк комплаенсийн хөтөлбөрөө бүхлээр нь шинэчилсэн байдаг.
Тэгвэл комплаенс гэж юу вэ?
Комплаенс гэдэг нь дагаж мөрдөх, биелүүлэх, нийцүүлэх гэсэн утгатай англи үгнээс гаралтай. Байгууллагын үйл ажиллагаанд энэ ухагдахуун нь маш өргөн утгаар ойлгогдох бөгөөд тусгай зөвшөөрөлтэйгөөр хийгдэх мэргэжлийн үйл ажиллагааг тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, аливаа байгууллагын үйл ажиллагааны бүхий л үе шат, засаглалын түвшинд комплаенсийг хангаж ажиллах шаардлага үүсдэг. Тиймээс нэр томъёоны хувьд шинэ боловч бидний хэдийнэ мэдэх хууль тогтоомжийг дагаж мөрдөх зарчим, ухагдахуун л угтаа комплаенс ажээ.
Энэхүү шинэ томъёо нь сүүлийн үед мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотойгоор ихээр ашиглагдах болсноор хүмүүс “Комплаенс гэдэг нь мөнгө угаахтай тэмцэхийг хэлнэ” гэж ойлгодог болсон. Гэхдээ өмнө дурдсанчлан мөнгө угаахтай тэмцэх ажиллагаа нь комплаенсийн өргөн ойлголт, соёлын зөвхөн нэг л хэсэг юм.
Тиймдээ ч HSBC банк нь дээр дурдсан асуудалд орооцолдсоны дараагаар комплаенсийн соёл, хөтөлбөрөө шинэчилсэн нь банк даяар хууль тогтоомжид нийцсэн, ёс зүйтэй соёлыг бий болгох зорилготой. Угаасаа комплаенсийн соёл байхгүй газар мөнгө угаахтай тэмцэх гэх мэт тусгайлсан хууль тогтоомжийг ягштал мөрдөх суурь хөрс бүрдэхгүй аж.
Комплаенсийн асуудал мөнгө угаахтай холбоотойгоор байнга сөхөгддөгийн нэг шалтгаан нь түүнээс үүсч болох сөрөг үр дагавар, хор хохирол юм. Мөнгө угаахтай тэмцэх ажиллагааны комплаенс муу байвал байгууллага нь торгууль төлөх гэх мэт шууд болон нэр хүнд унаснаас үүдэх шууд бус санхүүгийн алдагдалд ордог.
Комплаенстай холбоотой хамгийн өндөр эрсдэлүүдийн нэг болох мөнгө угаах асуудалтай одоо товчхон танилцъя.
Мөнгө угаах үйл ажиллагааны тухай
Мөнгө угаах гэдэг нэршлийг хүн болгон мэддэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хувь хүн болон байгууллага ямар шалтгаанаар мөнгө угаасан гэмт хэрэгт холбогддогийг тэр бүр мэддэггүй. Мөнгө угаах гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хууль бус аргаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулж, захиран зарцуулахын тулд гарал үүслийг нь далдлахдаа санхүүгийн систем дэх банк зэрэг байгууллагыг ашиглаж буй үйл явц юм.
Олон улсад тогтсон ойлголтоор бол мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, далдлах, эргэлтэд оруулах гэсэн 3 үе шаттай үйлдэгддэг. Тиймээс эдгээр үе шатанд хувь хүн, байгууллага оролцогч болох эрсдэл өндөр байдаг. Яагаад гэдгийг тайлбарлая:
- Эхний үе шат буюу байршуулах
Хууль бусаар олсон мөнгөө тухайн гэмт этгээд хаа нэгтээ хадгалах, байршуулах шаардлагатай болдог. Мэдээж хөрөнгө байршуулах хамгийн нийтлэг газар бол банк, түүнтэй төстэй үйл ажиллагаа явуулагч байгууллагууд юм. Эдгээр байгууллагад хууль бус эх үүсвэр орж ирж байгааг ерөнхийд нь байршуулах үе шат гэж нэрлэж болно.
- Хоёрдугаар үе шат буюу далдлах
Хууль бус хөрөнгө олох үйл ажиллагааны эцсийн зорилго бол түүнийг хууль ёсны мэтээр ашиглах явдал юм. Тэгэхээр гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эх үүсвэрийг нь далдлах олон төрлийн арга, ажиллагааг хийж буйг далдлах үе шат гэж нэрлэдэг байна..
- Гуравдугаар үе шат буюу эргэлтэд оруулах
Ийнхүү нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсвэл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн ашиглаж буйг эргэлтэд оруулах хэмээн томъёолдог.
Эндээс харвал дээрх 3 үе шатны аль ч үед иргэн санаандгүй байдлаар оролцож, хуулийн хариуцлага хүлээх эрсдэл бий. Өөрийн дансыг бусдад ашиглуулахгүй байх талаар сануулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг нь ч үүнтэй зарим талаар холбоотой.
Мөнгө угаахтай терроризмыг санхүүжүүлэх гэсэн нэр томъёо хамт ашиглагдах нь элбэг. Гэвч агуулгын хувьд хоёр тусдаа ойлголт юм. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харагдуулахыг зорьдог. Харин терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь хууль ёсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдгоороо ялгаатай ажээ.
Арилжааны банкууд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ?
Мөнгө угаахтай холбоотой үйл ажиллагаанд банк холбогдох тохиолдол, эрсдэл байдаг учраас тавигдах шаардлага, хяналт ч өндөр байх нь гарцаагүй. Тиймээс банк өөрийгөө болон харилцагчдаа мөнгө угаах гэх мэт аливаа хууль бус ажиллагаанаас хамгаалахын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
Үүний нэг жишээ бол банк харилцагчтай аливаа харилцаа тогтоох, данс нээх, үйлчилгээ үзүүлэхийн өмнө харилцагчийн хувийн мэдээлэл, эрхэлж буй ажил, бизнес, хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагааны чиглэл, хувьцаа эзэмшигч этгээд зэрэг мэдээллийг шаардах замаар харилцагчаа бүрэн таньж мэдэхийг чухалчилдаг. Мөн түүнчлэн харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэхэд хяналт тавьж, мэдээллийг нь шинэчлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Харилцагчаас гаргуулан авсан мэдээлэлд үндэслэн харилцагч болон түүний орлого, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны бөгөөд аливаа гэмт хэргийн улмаас олсон мөнгийг угаах эрмэлзэлгүй болохыг баталгаажуулахыг зорьдог байна.
Ийнхүү мэдээлэл цуглуулснаар харилцагчаа аливаа хууль бус ажиллагаа, залилан, санхүүгийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэдээллийг харилцагчид цаг алдалгүй хүргэх давуу талтай.
Хэрэв харилцагч нь банкны шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзвал Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу банк нь тухайн харилцагчид үйлчилгээ үзүүлэхгүй байх үүрэгтэй байдаг аж.
Н.Саруулдөл
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.