Арьсны өнгөний талаарх андуу ташаа 5 ойлголт
Тухайн хүн ямар арьстны бүлэгт багтдаг вэ? Энэ талаарх хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага дэлхий даяар маш өргөн тархсан байдаг бөгөөд өөрсдийгөө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч /расист/ гэж үздэггүй хүмүүс хүртэл иймэрхүү андуу ташаа зүйлд үнэмшсээр иржээ.
Бусдад зөвхөн хамгийн сайн сайхныг хүсэж явдаг хүмүүс хүртэл генийн онолд огт нийцэхээргүй үзэл бодолтой байх нь бий. Жишээ нь, Ази тивийн сурагчид математикийн хичээлд төрөлхийн авьяастай, хар арьстнууд хэмнэлийг илүү сайн мэдэрдэг, еврейчүүд мөнгийг захиран зарцуулахдаа сайн гэх мэт ярианд үнэмшдэг. Ийм бодолтой хүмүүс бидний танилуудын дотор яахын аргагүй байж л байдаг.
“Өнөөдөр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах ил хэлбэрүүд урьд өмнө байгаагүйгээр улам түгэн тархаж байна. Үүнийг бид шинжлэх ухааны баримтуудын үндсэн дээр сөрөн зогсож, няцаах ёстой” гэж ВВС-гийн хөтлөгч, ген судлаач Адам Рутерфорд ярьж байна. Энэ асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах нь бодит баримтыг хэвшмэл ташаа ойлголтоос ялгаж салгах боломжийг олгоно гэж тэрбээр хэллээ.
Ингээд дор дурдсан 5 янзын ташаа ойлголтыг шинжлэх ухааны байр сууринаас залруулцгаая.
Ташаарал 1: Хар арьстнууд ба цагаан арьстнуудын ДНХ хоорондоо эрс ялгаатай
Хүний арьсан дахь үндсэн пигмент болох меланин нь биднийг нарнаас хамгаалж байдаг. Меланин нь нарны хэт ягаан туяаг өөртөө шингээснээр бие организмд шаардлагатай гол аминдэмүүдийн нэг болох фолийн хүчлийг /В9 аминдэм/ нарны хорт туяанд нэрвэгдэн устахаас хамгаалдаг ажээ.
Меланин ялгаруулахад нөлөөлдөг биохимийн урвалд олон тооны ген оролцдог бөгөөд эдгээр генийн байгалийн хувирлуудаас шалтгаалан хүмүүсийн арьс өөр өөр өнгөтэй болдог байна. Тэгэхээр хар арьстнууд ба цагаан арьстнуудын хооронд генийн ялгаа нь хамгийн их байж таарах нь ээ? Огт үгүй.
Нэгдүгээрт, бүх хүмүүсийн хувьд ДНХ нь үндсэндээ адилхан бөгөөд генийн ялгаа нь өчүүхэн бага байдаг. Энэ нь Африк тивд анх хүн үүссэнтэй холбоотой.
Бүх хүмүүсийн ДНХ үндсэндээ адилхан
Хоёрдугаарт, бусад тивийн хүмүүстэй харьцуулахад Африк тивийнхний дотор генийн ялгаатай байдал хамгийн ихээр ажиглагддаг ажээ. Тодорхой жишээ дурдвал, ӨАБНУ-д оршин суудаг хоёр өөр омгийн хүмүүсийн генийн ялгаа нь Шри-Ланкийн иргэн, Шинэ Зеландын уугуул ба орос хүний хоорондын генийн ялгаанаас илүү их байдаг.
Хүмүүсийг цагаан, хар, бор арьстай гэж ангилж болох хэдий ч эдгээр гадаад хүчин зүйл нь тэдний хоорондын генийн ялгаатай болон ижил төстэй байдлыг яг таг илэрхийлж чадах индикатор /илрүүлэгч/ биш юм.
Ташаарал 2. “Цэвэр цусны хүн” гэж байдаг
Тодорхой бүс нутаг, газар нутаг эсвэл тодорхой үндэстнүүд бусдаас тусгаарлагдан амьдрах тохиолдол элбэг байдаг ба энэхүү саад хязгаарыг давах боломжгүй мэт бидэнд санагддаг. Гэтэл түүхийн болон генийн шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байна. Үнэн хэрэгтээ бол нэг ч үндэстэн, ард түмэн мөнхөд хөдөлгөөнгүйгээр оршино гэж үгүй.
“Түүхийн бүхий л хугацааны туршид хүмүүс дэлхий даяар нүүн шилжсээр ирсэн бөгөөд зарим үед бөөнөөрөө, түр хугацаанд нүүдэллэж байсан” гэж доктор Рутерфорд тайлбарлаж байна.
Зарим үндэстэн нэг газартаа олон арван жилийн турш амьдардаг учраас газарзүйн болон соёлын аргамжаанд хүлэгдсэн мэт өөрсдөд нь санагдаж болох юм.
“Гэсэн хэдий нацист удирдагч бүрт еврей өвөг дээдэс байсан. Цагаан арьстны давуу талыг номлогч бүрийн хувьд тэдэнд Ойрхи Дорнодоос гаралтай өвөг дээдэс бий. Арьсны үзэлтэн бүрт Африк, Энэтхэг, Зүүн Азиас гаралтай өвөг дээдэс бий” гэж доктор Рутерфорд үзэж байна.
Цэвэр цусны хүн гэж байдаггүй
“Цэвэр цусны хүн гэдэг бол цэвэр хий хоосон зөгнөл юм. Хүмүүсийн хувьд цэвэр цустан гэж ойлголт байхгүй. Харин судсаар нь олон үндэстний цус гүйж буй эрлийз хүн гэж бий” хэмээн эрдэмтэн хэллээ.
Ташаарал 3: “Орос бол оросуудынх”, “Англи бол англичуудынх”
Зарим хүмүүс эх оронд нь ирж буй цагаачид, дүрвэгчдийг туйлын ихээр үзэн яддаг ба сүүлийн үед олон улс оронд иймэрхүү үзэл бодол нь бүхэл бүтэн хандлага болон хувирч байна. Ганцхан жишээ дурдахад, цагаачдыг хөөж явуулах, устгах ёстой гэсэн хэт барууны радикал үзэлд автсан нэгэн эрэгтэй 2 дугаар сарын 19-ний өдөр Германы Ханау хотод хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарсан.
Цагаачдыг үзэн ядагч хэт барууны үзэлтнүүд дургүйцлээ илэрхийлэхдээ “Герман бол германчуудынх”, “Франц бол францчуудынх”, “Турк бол туркчуудынх”, “Итали бол италичуудынх” гэх мэтээр мэдэгдэж байна. “Гэр орон руугаа буцацгаа, зайлцгаа” гэх доромж үгийг дэлхийн олон оронд байгаа цагаачид сонсож байна.
Яг үнэнийг хэлэхэд, цагаачлал нь Герман, Франц, Турк, Италийн бүхий л түүхийн туршид байсаар ирсэн. Энэ нь бусад бүх улсад ч хамаатай. Тухайлбал, Британийн арлууд 7500 жилийн өмнө Европ тивээс тасран холдсоноос хойш цагаачдын нутаг орон болсон юм. 1066 онд норманууд эзлэн авахаас өмнө уг арлууд руу викингчүүд, англууд, саксууд, хүннүчүүд болон бусад үндэстэн, овог аймгууд халдан довтолж байлаа. Тэднээс өмнө Британийг ромчууд эзлэн захирч байсан бөгөөд тэд Ромын цэвэр цусны иргэд биш байсан. Ромын эзэнт гүрэн Сахарын цөлөөс Ойрхи Дорнод хүртэлх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан билээ.
Европоос хуурай газраар дамжин /өнөөгийн Холландыг Британийн арлуудын баруун хэсэгтэй холбож байсан/ ирсэн хүмүүсийн үр удам болох фермерүүд 4500 жилийн өмнө Британид амьдарч байв. Тэд хар үстэй, онигор нүдтэй, арьсных нь өнгө бор саарал байсан гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр эрдэмтэд тогтоожээ. Тэднээс өмнө анчид тэнд амьдарч байсан бөгөөд арьсных нь өнгө бүр ч илүү бараан байв.
Тэгэхээр “Франц бол францчуудынх”, “Итали бол италичуудынх” гэж байнга зарлан мэдэгддэг арьсны үзэлтнүүд ба радикал намууд уугуул оршин суугчид гэж чухам хэнийг хэлж байгаа юм бол?
Ташаа ойлголт 4: Тухайн хүн 100 хувь цагаан арьстан гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр тодорхойлж болно
Хүмүүс өөрсдийн гарал угсааг маш их сонирхдог бөгөөд энэ тал дээр арьсны үзэлтнүүд тун ч идэвхийлэн ажилладаг. Цагаан арьстны давуу байдлыг номлогчид, үндсэрхэг үзэлтнүүд болон антисемитүүд /еврейн эсрэг үзэлтнүүд/ Stormfront гэх мэт цахим хуудсуудыг ашиглан популяцийн генийн онолын талаар хоорондоо мэтгэлцэж, Холокост буюу еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг үгүйсгэж байдаг.
Тэд өөрсдийгөө 100 хувь цагаан арьстан мөн гэдгийг, еврейн цус холилдоогүй гэдгээ батлахын тулд Ancestry DNA гэдэг компаниас ДНХ-ийн шинжилгээг худалдан авч байна. Гэвч тэдний ингэж бодож сэтгэж байгаа нь огт үндэслэлгүй юм.
ДНХ-ийн шинжилгээ нь гэр бүлийн түүхийн талаарх ямар нэгэн содон зүйлийг нээн өгч болно. Жишээ нь, сураггүй болсон ах дүүсээ эрж олоход тус болохоос гадна тухайн хүний биологийн эцэг эх нь хэн болохыг тодорхойлдог гэх мэт. Гэвч биологийн шинжлэх ухааны онцлогоос шалтгаалан ДНХ-ийн шинжилгээний боломж нь хязгаарлагдмал юм.
Цаг хугацаа өнгөрөх тутам ДНХ-ийн доторх өвөг дээдсийн ул мөр баларч эхлэх ба хэд хэдэн үе өнгөрсний дараа энэ байдал улам ихэснэ. Хүн бүрийн хувьд 11 дэх үе хүртэлх хугацаанд өвөг дээдсийнх нь ДНХ-ийн зөвхөн тал хувь нь хадгалагдан үлддэг. Тэгэхээр та болон харьцангуй саявтар буюу 18 дугаар зууны үед амьдарч байсан таны өвөг дээдсийн хооронд генийн ижил төстэй байдал үгүй болсон байж мэднэ.
Ташаарал 5: Хар арьстнууд цагаан арьстнуудаас илүү хурдан гүйдэг
Хамгийн сүүлд 1980 онд Британийн гүйгч Аллан Уэллс Олимпын наадмын 100 м-ийн зайн гүйлтийн тэмцээнд түрүүлснээс хойш цагаан арьстан тамирчин ийм амжилт гаргаагүй байгаа юм. Тэр цагаас хойш энэ төрөлд хар арьстнуудтай эн зэрэгцэх тамирчин алга. Ийм учраас гарал угсааныхаа ачаар хар арьстнууд гүйлтийн төрөлд давамгайлж байна хэмээн боддог хүмүүүс олон болжээ.
“Үндэстэн ястны хамаарал ба спортын амжилтын талаарх генийн шинжлэх ухаанд үндэслэсэн янз бүрийн таамаглалууд байж болох юм. Гэхдээ хамгийн боломжтой байдлаар төсөөлсөн ч гэсэн энэ нь үнэмшил муутай” гэж доктор Рутерфорд ярьж байна.
Ер нь бол, спортын амжилтыг гентэй холбон тайлбарлах нь маш адармаатай .
Рутерфордын хэлснээр, тухайн хүний зүрхний хэмжээ, хүчилтөрөгчийг шингээх чадвар, булчингийн сэргэх хугацаа гэх мэт олон хүчин зүйл нь бие бялдрын хүчийг тодорхойлж байдаг. Түүнээс гадна, уян хатан байдал, хөдөлгөөний зохицол /координаци/ зэрэг биеийн хүчний үзүүлэлтүүд ч нөлөөлнө. Мөн шийдмэг шаргуу байдал, анхаарал төвлөрөлт, эрсдэлтэй шийдвэр гаргах чадвар гэх мэт хувь хүний сэтгэлзүйн шинж чанарууд бий.
Тэсрэлтийн хүчийг илүүтэй шаарддаг спортын төрлүүдэд амжилт гаргаж буй хүмүүсийн хувьд булчингийн эсүүд нь “хурдан агших” үзүүлэлт өндөр байдаг учраас энергийг илүү хурдан ялгаруулдаг байна. Үүнийг альфа-актинин-3 (ACTN3) гэдэг гентэй холбон тайлбарладаг ажээ.
Хүчний спортын элит тамирчдад R хэлбэрийн ACTN3 гэдэг ген илүү олон илэрдэг болохыг судалгаа харуулсан байна. Уг ген нь цагаан арьст америкчуудтай /80 хувь/ харьцуулахад африк гаралтай америкчуудад /96 хувь/ илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ялгаа нь төдийлөн биш байна. Энэ нь тэсрэлтийн хүч шаарддаг спортын төрлүүдэд африк гаралт америкчууд ялимгүй давуу гэдгийг харуулж байгаа боловч хар арьстан гүйгчид бол цагаан арьст тамирчдаас давуу гэж тайлбарлах үндэслэл огт биш ээ.
Хэрвээ бүх зүйл дээрх генээс хамаардаг байсан бол хар арьст шилдэг 6 гүйгч ба цагаан арьст шилдэг 5 гүйгч гэсэн харьцаа бий болох байсан болов уу.
Доктор Рутерфордын хэлснээр, энэ бол хялбаршуулсан судалгаа. Гэхдээ спорт дахь арьсны өнгөтэй холбоотой хэвшмэл ойлголтыг зөвтгөхийн тулд ген судлалын шинжлэх ухааныг ашиглаж болохгүй гэдгийг сануулсан бодит жишээ юм.
Б.Адъяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг