Б.Эрдэнэбат: Энэ удаагийн сонгуулиар мафижсан систем нь хэвээр үлдвэл Монгол Улс 2024 оны сонгуулийг үзэж чадахгүй
"Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Байшин үйлдвэрлэх комбинатыг 2017 онд шинэчлэгдэж нээлтээ хийснийх нь дараа их бүтээн байгуулалт өрнүүлж, гэр хороолол асуудлаа шийдэн, утаа униараас салах нь гэж харж байлаа. Өнөөдрийг хүртэл ийм нам гүм байгаа нь ямар учиртай юм бэ?
-Улс төр талаасаа л саад болж байна. Монгол хүн эх орондоо ажиллах боломжоор хавчигдаж, үндэсний үйлдвэрлэл нь технологио шинэчиллээ ч үүд хаалгаа хаах байдалд хүрч байгаа нь харамсалтай. Манай үйлдвэрийн нээлт 2017 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болсон. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд нэг ч сургууль, цэцэрлэгийн захиалга байхгүй. Уг нь нээлтэн дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайд ирж, үйл ажиллагаатай танилцсан л юм. Нам дагасан барилгачдынх нь ажил яваад, барилга нь хэдэн арван давхраар сүндэрлээд байх ч улирал хамаарахгүйгээр хот, тосгоноор нь барих хүчин чадалтай манай үйлдвэрийн ажил явдаггүй. Манайх шиг том үйлдвэр төрийн дэмжлэггүйгээр явах ямар ч боломжгүй юм. Угтаа ач холбогдлоороо Засгийн газар болоод УИХ-ын стратегийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл шүү дээ. Гэр хорооллыг утаа, жорлонгоос салгах, хөрсний бохирдолгүй болгох, цэнгэг усаа хамгаалах, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй ийм зориулалтын тэргүүлэх эко, ногоон төсөл юм. Өвөл, зунгүй 24 цагийн турш ажилладаг энэ үйлдвэр гэр хорооллын асуудлыг шийдэх төгс шийдэл мөнөөс мөн.
Агаар, орчны бохирдлыг шийдэх хамгийн гол шийдэл нь барилгажуулалт болохоос утаагүй түлш түлээд хөрс, агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Утаагүй зуух хэрэглээд ч үр дүнгүй гэдгийг бид хангалттай харлаа. Сүүлийн 10 гаруй жилд манай улс агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд нэг их наяд төгрөг салхинд хийсгэлээ шүү дээ. Гэсэн хэдий ч ямар ч үр дүн алга.
-Та төрийн өндөрлөгүүдэд хаяглаж томоохон бүтээн байгуулалтуудад хамтрах хүсэлт илгээсэн. Ямар хариу ирсэн бэ?
-Ерөнхий сайд ирж үйлдвэртээ танилцахдаа Ганданд барьсан 140 ламын байрыг үзсэн юм.
Тэрээр “Айлын эзэмшил газрыг авч, олон давхар барилга барихгүй. Энэ Засгийн газар айл бүрийн газрыг өмчлөлөөр өгч, тэнд нь амины орон сууц бариулъя” гэсэн. Улмаар Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж манайд 34, 50, 62, 74 м.кв-тай таван янзын байшин бариулах захиалга ирүүлсэн юм. Гэсэн ч эдгээр амины орон сууцуудыг барих тодорхой байршлуудыг зааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бид өөрсдийн хашаандаа загварын байрыг барьсан л даа. Энэ байшинг 12:00 цагт барьж эхлээд орой 18:00 цаг гэхэд л бариад дууссан. Хурдан хугацаанд барилаа гээд чанарт ямар ч өөрлөлт байхгүй, орчин үеийн халаалт, цахилгаантай, цэвэр дулаанд холбогдоостой юм. Энэ маягаар айл болгон 0.7 га газартаа аминыхаа орон сууцыг барьж, хажууд нь хүнсний ногооны хүлэмж хийж болох юм. Эсвэл таван айл нийлж таун хаус бариулаад үлдсэн талбай дээрээ үйлчилгээний төв, хүнсний ногооны хүлэмж ч хийж болно. Манайх зочид буудал, үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль цэцэрлэг, орон сууц, зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүлэмж гээд бүгдийг нь иж бүрнээр нь барьдаг. 24 цагаар бүтэн жил ажиллалаа гэхэд 150-250 мянган м.кв ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай комбинат юм шүү дээ. Бид 24 цагт нэмэх, хасах нэг градус л алдах дулаалгатай гадна ханыг үйлдвэрлэдэг юм. Эрчим хүчинд хэмнэлттэй, цонх, хаалгаараа ч дулаан алдахгүй битүүмжлэлтэй хийц эдлэлийг бид хийж байгаа. Тийм хийц, эдлэлтэйг нотлох ногоон гэрчилгээгээ ч авчихсан. Ингээд үзэхээр дулаан, цахилгааны зардалд харьцангуй бага мөнгө үрнэ. Бүтэн жил төлдөг байсан дулаан, цахилгааныхаа мөнгөөр хоёр, гурван жилийнхийгээ ч төлдөг болно гэсэн үг. Хамгийн гол нь газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй. Гадна, дотно тал нь хиймэл чулуу учир галын аюул бага. Хүнээс хамаарах алдаа байхгүй, лав л одоо баригдаж байгаа орон сууцуудаас хоёроос гурав дахин хямд. Тийм хэрнээ хэдэн зуун жилийн настай барилга юм. Бид Оюуны өмчийн гэрчилгээгээ авсан, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулж бүх батламж, альбом зургуудаа баталгаажуулсан, улс орны хэмжээнд мөрдөх хууль тогтоомжуудаа Хууль зүйн яамаар бүртгүүлсэн, одоо дутуу гэж хэлэх зүйл нэгээхэн ч байхгүй.
Ингээд л бид хийе гээд төр, засгийн бүх шатанд төслөө танилцуулаад байдаг. Тэр нь ажил хэрэг болдоггүй.Монгол Улсын Засгийн газар, УИХ гаргасан тогтоол шийдвэрийнхээ дагуу эргэж буцалгүй тууштай бодлогоор ийм барилгаа л тэргүүн ээлжинд бариулмаар байгаа юм. Ер нь бүх л тусгаар улсууд орчин үеийн үйлдвэрээр сургууль, цэцэрлэг, үл хөдлөх хөрөнгөө бариулж байна. Ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг тэгж л хангаж байгаа хэрэг.
-Намынхаа нөхдүүдийн бизнесийг хамгаалах үүднээс нийтийн эрх ашигт нөлөөлж байна гэж харж болох уу. Уг нь хямд төсөр өртгөөр, чанартай бүтээн байгуулалт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг дэмжих нь төрийн үүрэг биз дээ?
-“Эрэл” ХХК, Эрдэнэбат гэдэг хүн үүнтэй холбогд-соноороо хамт олон маань ч дагаад хохирч байна. Ойлгож тайлбарлахад хэцүү зүйл юм л даа. Би энэ үйлдвэрээ төмрийн хогонд ачуулалгүй, ажилчдаа гудамжинд гаргахгүйн тулд технологийг нь шинэчлээд 30 жилийн турш зүтгэж байна. Хэрэв би хувийн ашиг сонирхлоо бодож, мөнгөний хойноос явсан бол үүний оронд нүүрс ачиж гадагшаа гаргаж, шатахуун оруулж ирж зарж байгаа. Эсвэл хүнсний бараа оруулж ирэн худалдаалах байсан. Энэ жишгээр архи, спирт, тамхи зарж, ард түмнээ хордуулан байж бизнесээ өргүүлж байгаа нь ч бий шүү дээ. Гэхдээ тэгэлгүйгээр барилгын материалын үйлдвэрийн энэ хүнд салбар дээрээ л зүтгэж байна. Тэгэхэд төр засгаас дэмжих нь битгий хэл прокурорт шилжүүлнэ, банкин дахь өрөө төлсөнгүй шорон, гянданд хийнэ гэх зэргээр дайрч байх жишээтэй. Ийм том үйлдвэрийг бид зээл авч хөдөлгөхгүйгээр өөрөөр яах билээ. Энэ эх оронч үзэл юм аа.
Улс орных нь ч зээлжих зэрэглэл олон улсад уначихсан, санхүү эдийн засаг нь хямарчихсан байна шүү дээ. Ийм үед эх орноо монгол хүн л аварна. Гэтэл Монголоо гэсэн сэтгэлтэй, улс орныхоо хөгжил, үндэсний эрх ашиг, нийгэм, нийтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг цөөхөн компаниудынхаа урмыг улам л хугалаад байх юм. Монголчууд бид “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэгсэн. Ер нь ёс зүйдээ хөтлөгдөж шударга явсан хүн хэлмэгддэг, үгүй бол шорон гянданд ордог болж. Энэ бол үндэстэн мөхөж байгаагийн шинж л дээ. Тиймдээ ч хүмүүс шоронд орж байхаар гээд үр хүүхдээ аваад гадны улсыг зорьж, эх орноо бараг орхиж байна. Уг нь хөдөлмөрийн насны хүн бүр эх орныхоо төлөө юу чаддагаа хийх түүхэн цаг үе ирчихээд байгаа юм. Цаашид нэг ч алдаж болохгүй улаан шугаман дээр бид зогсож байна. Гашуун ч гэсэн үнэн зүйлийг л чи бид хоёр хүүрнэж байна шүү.
-Нөгөө талаар таныг дааж давшгүй их үнээр байшин барилгаа зарчих нь гэж болгоомжлоод байгаа юм болов уу?
-Би энэ бүтээн байгуулалтаас хэдэн арван тэрбумаар нь ашиг олж бусад шиг хөрөнгөжихийг хүсээд байгаа зүйл огт байхгүй. Бид Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газарт “Бид энэ чанартай технологиороо барилгаа барья. Харин энэ үйлдвэрийн санхүү эдийн засгийг Монголын төр өөрөө шийд. Барилга, байшингийн хийц эдлэлийн өөрийн өртгийг, борлуулалтынхаа үнийг ч тогтоо. Утаагүй зуух, түлшнийхээ хөнгөлөлтийг барилгын м.кв бүрээс нь хямдруулаад ард түмэндээ өг” гэж хүртэл албан тоот өгсөн. Тийм хувийн компани ховор байх. Агаарын бохирдлыг бууруулна гэж салхинд хийсгэж байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчих юм бол иргэдэд барилгын 1 м.кв-ыг 200, 300-хан мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэнэ. Дээд хэмжээнд хямдруулаад барих боломжтой юм.
-Та цар тахал гарсантай холбоотойгоор 1000 ортой эмнэлэг барьж өгье гэх санал гаргасан юм билээ. Энэ саналыг тань хүлээж авсан уу?
-ҮАБЗ-ийн гишүүд, Барилга, хот байгуулалт, Эрүүл мэндийн яам, Хотын дарга, Улсын онцгой комиссын даргад ч энэ хүсэлтээ илэрхийлсэн. УОК-оос Эрүүл мэндийн яаманд хандаж, энэ асуудлыг судалж үзээч гэсэн бичиг явуулсан байна лээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох байгууллагад нь уламжиллаа л гэсэн.
Ийнхүү гацаж байгаа шалтгаан нь энэ компанийг тэргүүлж байгаа хүний намын харьяалал таарахгүй байгаатай л холбоотой. Хоёрдугаарт, намд байгаа хүмүүс, тэдний цүнхийг барьж байгаа нөхдүүд л энэ ажлыг хийх юм шиг байна. Гэхдээ стандартын бус, мэргэжлийн бус, чанаргүй материалаар л хийнэ гэсэн үг. Ийм хуульгүй байдалд улс орон орно гэдэг мөхөл рүү явж байгаа л хэрэг. ОХУ 500 ортой эмнэлгийг 28 хоногт барилаа. Тэгэхэд бидэнд ийм хэмжээний хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй хэрнээ огт ашигладаггүй. Уг нь бид нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөдөө ямар ч ашиг хонжоо харахгүйгээр бариад өгье гэсэн уриалга хүргүүлсэн шүү дээ.
-Ер нь таныхаар хувь, хувьсгалын эрх ашгийг хойш тавьж, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг тэр цаг үе хэдийд ирэх вэ?
-Цаг хугацааг нь хэлэхэд маш хэцүү байна. Ийм байдлыг үзнэ гэж би төсөөлж байгаагүй. Залуу байхдаа маш өөдрөг үзэлтэй байж, эцэс төгсгөлгүй бүтээн байгуулалт хийж, эх орныхоо төлөө монгол хүн юу хийж чаддагаа харуулах болно гэсэн сэтгэлтэй байлаа. Бараг л хязгааргүй настай юм шиг зүтгэж байсан. 30 жилийн дараа харахад 30 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байна. Бүгд л эх орноо зөөж худалдаж идэж амьдарцгааж байна. Уул уурхайн түүхий эдийн үнэ унахад л төсөв нь бүрдэхээ больсон цаг үе ирж. Эх орондоо халуун дулаан аж төрөх хот, тосгоноо барьж сууж чадахаа байчихаж. Гэсэн хэрнээ бүх ажлаа гадныхнаар хийлгэдэг болчихсон. Яармагийн гүүр, Хөшигтийн хөндий, Налайхын зам, Замын цагдаагийн урд талын гүүр, Дархан-Улаанбаатарын зам гээд бүх л бүтээн байгуулалтыг гадныхан хийж байна. Гадныхан л тендерт ялдаг, монголчууд тэнд оролцоод ч нэмэргүй болж. Өртэй бол тендерт оролцох ямар ч боломжгүй байх жишээтэй. Монголд өргүй компани битгий хэл хувь хүн ч байхгүй биз дээ. Хууль эрх зүйн орчин нь ч монгол хүндээ ээлгүй, гадныханд зориулсан байгаагийн жишээ энэ. Гэсэн ч өөдрөгөөр л бодож байна. 30-50 насны ажил, амьдралын тодорхой туршлага хуримтлуучихсан, монгол хүн болж хүмүүжсэн, ахмад үеэ хүндэлж хайрладаг, өөрийнхөө эрхэлсэн мэргэжилд үнэнч үе гарч ирж байж л Монгол орныг аварна гэж найдаж байна.
-Энэ удаагийн сонгуулийн дүнгээс өөрчлөлт харагдах болов уу?
-Өнгөрсөн 30 жилд хоёр том нам ээлжлээд л улс орныг авч явлаа. Өнөөдөр нам гээч зүйл гэмт хэргийг хаацайлдаг байгууллага болж хувирчээ. УИХ дээр хоёр том намын удирдлагууд ч “Нам харгалзахгүй, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс хэрэгтэй байна. Нам дотор гэмт хэрэгтнүүд бугшжээ, тэднийг цэвэрлэх хэрэгтэй” гэж хүн болгон ярьсан шүү дээ. Хүн амины, хүчингийн хэрэг гарлаа, ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдөдөө тараасан гээд тоочоод барамгүй хууль бус үйлдлүүд бий нь үнэн. Бизнесийн салбарт жилийн гурван хувийн хүүтэй зээлийг авч байсан түүх байхгүй юм аа. Гэтэл өөрсдөө тэр зээлээ аваад, хадгаламж зээлийн хоршоогоор оруулаад мөнгө угаасан. Зарим нь бүр хоёр гурван жил дараалж авсан байгаа юм. Энэ чинь гамшиг "COVID-19" биз дээ. Тийм хэрнээ дахин УИХ-д нэр дэвшинэ, сонгогдоно гээд яриад явж байх юм. Гэхдээ намын дарга нар нь ийм хүмүүсийг намаасаа хөөнө, намаа цэвэршүүлнэ гэсэн учир одоо бид харах л үлдлээ.
Хэрэв болдогсон бол сонгогчид энэ удаагийн сонгуулиар эх орныхоо төлөө л зөв хүнд л саналаа өгмөөр байна. Өмнөх шиг эдийн засаг, өр авлага гэсэн жижиг асуудал энэ удаагийн сонголтоор хөндөгдөхгүй, тэр бүр ард хоцорсон, бид алдсан. Хамгийн гол нь энэ удаад бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сонголтоо зөв хийх хэрэгтэй. Эдийн засгаараа дамжиж нэг орны хараат болчихгүйн тулд хүн болгон саналаа өгөх ёстой.
Хувь хүн, бүлэглэлийн эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн, үл бүтэх нөхдүүд өмнөх 30 жил шиг мөнгө тарааж доромжлох л байх. Тэд монгол хүнээ боолын ажилд экспортолж, ард түмний ходоодыг хоосолж, ажилгүй, архинд донтуулчихсаны дараа нэг удаагийн гарын мөнгөөр дөрвөн жилийнх нь хувь заяаг худалдаж авахад амархан байх л даа. Ард түмэн мөнгийг нь авч болно, гэхдээ тэр олон нэр дэвшигчдээс эх оронч, зөвийг нь олоод л дугуйлчих. Бүгдийг нь биш юм аа гэхэд тэн хагаст нь зөв хүн УИХ-д сонгочихсон байхад өөрчлөлт гарна гэж би итгэж байна. Хэрвээ энэ удаагийн УИХ-ын сонгуулиар дахиад л итгэл даахгүй, иддэг уудаг, хуваадаг, завшдаг нөхдүүд гарч, нөгөө л олигархи, мафижсан систем нь үлдвэл Монгол Улс 2024 оны сонгуулийг үзэж чадахгүй. Миний хувьд бол маш их итгэл алдарч байна. Тун эмгэнэлтэй хувь заяа л нүдэнд харагдаж байна.
-Та энэ удаагийн сонгуульд нэр дэвших үү?
Манай Эх-Орон нам сонгуульд оролцохоор бүртгүүлчихсэн. Би Эх-Орон намыг төрд шударга зөв тогтолцоог бий болгож чадахуйц хүмүүсийн дамжих гүүр болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Манай намын нэр дээрээс ард түмний итгэлийг даах, биеэ засаад гэрээ зассан, төрөө засахыг зорьсон хүн дэвших бүрэн боломжтой. Түүнээс заавал манай намын гишүүн байхыг шаардахгүй. Элдэв хөрөнгө мөнгө өгөхийг бүр ч цээрлэнэ. Гагцхүү энэ түүхэн онцгой цаг үед хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний л хүн байх ёстой. Ямар нэгэн бохир заваан зүйлд хутгалдаагүй, цүнх барьж гүйн элдэв тендер, концесст орооцолдоогүй, жинхэнэ монгол хүн болж төлөвшсөн, шударга, ёс зүйтэй тийм л залуусыг нэр дэвшүүлэхэд манай нам бүрэн нээлттэй. Үүнийг монгол хүн бүрийн хүсэн хүлээж байгаа зүйл мөн байх гэж бодож байна. Харин миний хувьд нэр дэвших сонирхол алга. Монгол түмний минь сонголт, заяа төөрөг дээшээ байх болтугай.