Мэргэжлийн сүмогийн бөх коронавирусийн халдвараар нас баржээ
“Covid-19” вирусийн халдварын улмаас 28 настай сүмоч Шобучи өчигдөр /2020.05.13/ нас барсан байна. Тэрбээр тус вирусээр амиа алдаж буй анхны мэргэжлийн сүмо бөхийн тамирчин болжээ.
Шобучи нь Такадагава дэвжээний бөх бөгөөд санданмэ буюу дөрөвдүгээр зэрэглэлд барилддаг байсан гэнэ. CNN агентлагийн мэдээлж буйгаар тэр анх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтсэн байна. Харин 19-ний өдрөөс бие нь хурдацтай муудсан, зарим дотор эрхтэн нь ажиллагаагүй болсон.
Түүний харьяалагддаг Такадагава дэвжээнд “Covid-19” вирусээр нийт зургаан хүн өвчлөөд буйн дотор дэвжээний эзэн ч багтаж буй аж.
Япон улсад цар тахлын эрчим буурахгүй байгаа тул Сүмогийн холбоо энэ тавдугаар сарын тэмцээнээ цуцалж, долоодугаар сарын тэмцээнээ үзэгчгүй зохион байгуулахаар болоод буй билээ.
Эх сурвалж: CNN