АНУ 2024 онд саран дээр дахин хүн газардуулахаа зарлалаа
1969 онд Армстронг саран дээр буухдаа өөрийн алдарт үгээ хэлснээс хойш аль хэдийн 51 жил өнгөрчээ. Хамгийн сүүлчийн даалгавраасаа хойш өөр гараг руу хүн явуулаагүй НАСА-гийнхан 2024 онд Артемис хэмээх төслийн хүрээнд сар луу хүн явуулах болсноо өөрсдийн сошиал хуудсаар албан ёсоор зарлаж, бэлтгэл ажлуудаа шат дараатай хийж эхэлсэн байна.
НАСА нь энэ даалгавраараа дан ганц саран дээр дахин хүн аваачих бус, харин үүнийг Ангараг гараг дээр хөл тавих даалгаврынхаа тулгуур болгох зорилготой байна.
Шинэ пуужин болох SLS (Space Launch System) нь одоогоор үйлдвэрлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд сансрын нисгэгчдийг зөөх тээвэрлэлтийн хэсэг, агуулах, хоёр дэмжигч пуужингаас бүрдэх юм. Энэ нь дэлхийн хамгийн хүчирхэг пуужин байх болно.
Пуужин бүрэн босгох үед нийт жин нь 2 сая 700 мянга гаруй тонн байхаас үүний 2 сая 500 мянган тонныг пуужингийн түлш дангаараа эзэлнэ. Өмнөх даалгавруудаас онцлог зүйл нь сансрын нисгэгчдэд тэнд очоод хэрэгтэй байх бүх техник хэрэгсэл, хангамжийг урьдчилаад НАСА болон хамтрагч байгууллууд нь урьдчилаад саран дээр газардуулчихсан байх бөгөөд сансрын нисгэгчид саран дээр газардах үедээ шууд даалгавраа эхлэх боломжтой байх болно.
Даалгаврын үндсэн зорилго бол Ангараг гараг руу явах даалгаврын тулгуур болохоос гадна саран дээр газардах зорилготой өөр олон улс гүрэн, хувийн компаниудад боломжийг нь нээж өгөх бас нэгэн зорилготой. Үүнээс хамгийн ашигтай тал нь саран дээрх усыг авч, задалснаар пуужингийн түлш тэндээ шууд үйлдвэрлэх бөгөөд энэ нь гараг хоорондын аялах боломжийг бүрдүүлж, зардлыг эрс бууруулна гэсэн хүлээлттэй байгаа аж. Энэ даалгаврын өөр нэгэн онцлох зүйл бол саран дээр анхны эмэгтэй хүнийг газардуулах юм.
Эх сурвалж: nasa.go/artemis