Лам гөрөөсийг ашиглан коронавирусийн вакциныг гаргаж авна
Лабораторийн судалгаагаар “Winter” буюу өвөл хэмээх нэртэй 4 настай лам гөрөөсний эсрэг бие нь коронавирус болон бусад халдварыг саармагжуулсан байна.
Зарим эрдэмтэд энэхүү амьтан нь коронавирусийн эсрэг тулалдахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж багаа аж. Энэхүү амьтныг Бельги улсаас сонгож авсан бөгөөд онцгой чадвартай бус энгийн лам гөрөөс юм. Энэхүү лам гөрөөс нь “SARS” болон “MERS” зэрэг олон вирусийн судалгаанд оролцож байсан аж. Түүний эсрэг бие нь эдгээр вирусийг саармагжуулж байгааг олж мэдсэнээр түүний эсрэг биеийг ашиглан коронавирусийг мөн устгаж чадна хэмээн шинжээчид үзэж байсан аж. Энэ нь ч зөв байсан бөгөөд үүнийхээ тухай “Cell” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн байна.
Судлаачид лам гөрөөсний эсрэг биеийг нэлээд удаан хугацаанд судалсаар ирсэн бөгөөд өнгөрсөн арван жил ХДХВ болон томууны эсрэг энэхүү эсрэг биеийг ашиглан судалгаа хийсэн ба тус хоёр халдварт өвчинд мөн эмчилгээний нэгэн нөхцөлийг бий болгож чадсан байна.
Хүн том болон жижиг уургийн гинжийг ашиглан Ү хэлбэрийн ганц төрлийн эсрэг биеийг үүсгэдэг. Том уураг нь Ү хэлбэрийн бүхэлд нь тохиолддог бол хөнгөн уураг нь зөвхөн салаанд нь байрлана. Лам гөрөөс хүнээс ялгаатай нь хоёр төрлийн эсрэг биеийг үүсгэж чаддаг аж. Нэг эсрэг бие нь хүнийхтэй адилхан байдаг бол нөгөөх нь хүнийхээс 4 дахин жижиг байдаг. Лам гөрөөсний эсрэг бие нь мөн адил Ү хэлбэртэй байдаг ба хөнгөн уураг байдаггүй учир илүү богинохон байдаг байна. Тиймээс энэхүү жижиг эсрэг бие нь коронавирус зэрэг бидний биед нэвтэрч чадах вирусийн уургийн титэм хоорондын хүний эсрэг бие орж чаддаггүй жижиг завсар зайд орох боломжтой болж байгаа юм. Ингэснээр вирусийг саармагжуулахад илүү үр дүнтэй болж байгаа юм.
Энэхүү шинэ судалгааг санаачилсан Бельгийн “Ghent” их сургуулийн молекул вирологич доктор Завиэр Селэнс лам гөрөөсний эсрэг биеийг удирдахад маш хялбар байдаг тухай дурджээ. Энэхүү эсрэг биеийг хүний эсрэг бие зэргийн бусад эсрэг биетэй холбож, нийлүүлж болдог бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд тогтвортой байж чаддаг хэмээжээ.
Энэхүү эсрэг биеийн генетикийн материал нь альпака, гуанакос болон нэг бөхт тэмээ зэрэг тэмээний овгийн амьтадтай ижил байдаг байна.
“Аварга загас мөн жижиг эсрэг биетэй ч гэсэн лам гөрөөс шиг хөөрхөн биш учир тийм ч сайн судалгааны загвар болж чадахгүй” хэмээн энэхүү судалгаанд хамтарч буй Аустины Тексас их сургууль болон Дартмоут коллежийн баклаврын дараах сургалтын Даниел Врапп хэлжээ. Доктор Селэнс “Лам гөрөөс нь тэжээвэр амьтан тул харьцахад амар бас даруухан байдаг. Гэвч тэдэнд чи таалагдахгүй байвал чам руу нулимна” хэмээжээ.
Судлаачид энэхүү эсрэг биеийг вирусээс урьдчилан сэргийлэхэд ашиглагдана гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэхүү эмчилгээ нь шууд үйлчилгээгээ үзүүлэх боловч ганц хоёр сар л хамгаалах чадвартай байна. Энэхүү урьдчилан сэргийлэх аргийг хүний биед тарихад аюулгүй эсэхийг цаашид судлах шаардлагатай юм.
“Үүнийг клиникийн эмчилгээнд ашиглахын тулд хийх ажил маш их байна. Хэрвээ энэ бүтвэл лам гөрөөсний хөшөө барих хэрэгтэй” хэмээн доктор Селэнс хэлжээ.
Эх сурвалж: NewYorkTimes