АНУ-ын засаг захиргаа Хятадын сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгасан нь хоёр орны хооронд коронавирусийн улмаас үүсээд буй маргааны хүрээнд авсан сүүлийн арга хэмжээ боллоо. Уг зохицуулалтаар Хятадын сэтгүүлчдийн визийг 90 хоногоор хязгаарлах ба тухай бүрт нь сунгалт хийлгэхээр өргөдлөө гаргах ёстой гэж Дотоодыг аюулаас хамгаалах департамент мэдэгдсэн байна. Өмнө нь сэтгүүлчдэд тодорхойгүй урт хугацаагаар үлдэхийг зөвшөөрдөг байв. Худалдааны асуудлаар хурцдаад байсан хоёр улсын харилцаа АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш улам муудаж, вирусийн улмаас бие биеэ буруутгаж эхэлсэн юм. Хоёрдугаар сард Хятадын таван мэдээллийн компанийг “гадаадын үүрэг бүхий байгууллага” гэж АНУ нэрлэсэн бол Бээжин Wall Street Journal сэтгүүлд Хятадыг “Азийн эрсдэлтэй хүн” хэмээн шүүмжилсний хариуд гурван ажилтных нь хэвлэл мэдээллийн эрхийг цуцалсан билээ. Вашингтон хариуд нь Хятадын улсын мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг албадан гаргасан бол Бээжин бас зүгээр хараад суулгүй Америкийн гурван сонины 10 орчим сэтгүүлчийг гаргасны дээр таван мэдээллийн байгууллагаас хувийн болон хөрөнгийн мэдээллээ эрх баригчдад ирүүлэхийг шаардсан байна.
Эх сурвалж: CNN