Коронавирусын вакциныг үйлдвэрлэхэд яагаад хугацаа ихээр шаардагдах вэ?
Дэлхий дахины эдийн засагт COVID-19 халдвар жинтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Харин орчин үеийн техник технологи өндөр хөгжсөн тул энэхүү цар тахлын эсрэг арга хэмжээг хурдан авч, вирусыг устгах вакцин, эмчилгээ гаргахын тулд дэлхийн өнцөг булан бүрт байрлах чадварлаг эрдэмтэд өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байж болно. Гэвч тэрхүү бүрэн ажиллагаатай вакцинийг хийхийн тулд ойролцоогоор бүтэн жил зарцуулагдана гэж үзэж байгаа. Тэгвэл тэрхүү вакцин нь яаж ажиллах юм бол?
Юун түрүүнд хүний өөрийн вакцин болох дархлаа нь яаж ажилладгийг тайлбарлая. Хүн гаднын нян бактериар халдварлагдах үед бидний цагаан эс тэрхүү биетийг таньж устгаж байхад өөр нэг дархлааны эс тэрхүү биетэд зориулж эсрэг биет (antibody) үүсгэдэг. Тэрхүү эсрэг биет нь тухайн вирус дээр очиж наалдах бөгөөд энэ нь цагаан эс тухайн биетийг танихад амархан болгож өгдөг байна.
Хэрэв хожим тухайн биетээр дахиад халдварлагдах юм бол бидний дархлаа шууд таньж биеийн бусад эсүүдийг гэмтээхээс өмнө устгаж чаддаг болдог. Энэ үйл явцыг дархлаажих гэж ерөнхийд нь нэрлэдэг. Вирус харин бидний биед орох үедээ өөрийгөө олноор нь үржүүлж гаргах эзэн-эс хайдаг ба, олсон үедээ өөрийн генетик хэлхээгээ оруулж, тухайн эзэн-эс нь вирус үйлдвэрлэж эхэлдэг. Ийм маягаар вирус нь хүний биед оронгуутаа үрждэг байна. Дархлааны систем энэхүү үйл явцыг танихад тодорхой цаг авдаг тул, зарим үед вирусийг таниад устгаж эхэлж байхад вирус аль хэдийн биеийн ихэнх тохиолдолд халдварлагдсан байх боломжтой. Иймээс бидний хувьд аливаа өвчин устгахын тулд бидний биен дэх дархлааны системийг хурдан хариу үйлдэл үзүүлдэг болгох хэрэгтэй болдог. Вакцин нь энэхүү нөхцөлийг нөхөх үүрэгтэй. Товчхондоо дархлааг тэрхүү өвчин үүсгэгч нян, вирусэд бэлтгэх үүрэгтэй. Уламжлалт вакцин нь аль хэдийн үхсэн, идэвхгүй болсон гаднын биетийг хүний биед шууд тарьж, цагаан эс түүнийг нь устгахтайгаа хамт тухайн өвчин үүсгэгчээс сэргийлж дархлаа үүсгэдэг байсан. Гэхдээ энэхүү арга нь тэр болгон бүтээд байдаггүй тул эрдэмтэд арай өөр аргыг хэрэглэж байдаг. Гэхдээ энэ бүхний эцсийн зорилго нь хүний биеийг тухайн биетийн эсрэг дархлаатай л болгох байдаг.
Харин шинэ вакциныг вирусийн эсрэг эрдэмтэд mRNA гэх тодотголтой вакцин гаргахаар ажиллаж байна. Энэ вакцин одоогоор туршилтын шатандаа явж байгаа ба вакцин үйлдвэрлэгч хувийн компани Moderna, mRNA-1273 нэртэй вакциныг 45 эрүүл хүн дээр туршиж үзсэн байна. Үр дүнг одоогоор хэлэхэд эрт байгаа ч, энэ шинэ төрлийн вакцин нь шинэ корона вирусийн эсрэг сайн үр дүнтэй байх болов уу гэсэн горьдолтой байгаа аж. Энэ вакцин нь уламжлалт арга барилыг ашигладаггүй, харин шинэ корона вирусийн гадарга дээр байрлах титэм шиг хэлбэртэй уургийн молекулын бүтцийг тарьдаг.
Тэгэхлээр дархлааны систем хэрэв яг тийм уурагтай дахиж таарах юм бол автоматаар шууд хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг болж байгаа юм. Тэд энэхүү арга вакциныг хурдан хөгжүүлсэн нь Хятадын эрдэмтэд корона вирусийн генетик кодыг интернэт дээр тавьсантай холбоотой. COVID-19 үүсгэгч вирусийн генетик кодын 80-90 хувь нь 2003 онд гарсан Sars вирустэй адилхан байсан тул тухайн үед хөгжүүлэгдэж байсан вирусийг дахин ашиглаж хугацаа хожих боломжтой болж байгаа юм. Гэтэл яагаад бүхэн бүтэн нэг жил болж байгаа юм бэ? гэвэл, тэрхүү вакцин нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, үйлчилгээ сайтай байгаа үгүйг нарийн баттай мэдэхийн тулд юм. Дан ганц ингээд зогсохгүй цааш вакциныг үйлдвэрлэх, олон нийтэд түгээх гэх мэтчилэн шийдэх асуудал нь дан ганц үүгээр дуусахгүй билээ. Гэсэн ч бид бүхэн шинжлэх ухаанд итгээд, мэргэжилтнүүдийн хэлж буй зааварчилгааг даган гараа сайн угааж, амны хаалтаа зүүн, гадуур бага яваарай.
Эх сурвалж: ASAPscience