Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр таалал төгсөж, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд төрсөн. Монгол улсын их сургуулийг 1966, ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг 1979 онд дүүргэсэн.
Д.Батбаяр “Гар”, “Жаргалын найман морь”, “Өгүүллэгийн түүвэр”, “Дөшин жирэмийнхэн”, “Шувуу бүхэн жаргалтай”, “Нэг Ваанжил, нөгөө Ваанжил”, “Цөөрөм” жүжгүүд бичжээ. 1988 онд “Мартагдсан аялгуу”, “Хайрыг хайрла” жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” туужаараа төрийн шагнал хүртжээ.
“Мемонтог бүтээхүй” роман, “Чамд аз жаргал хүсье” өгүүллэгийн түүвэр, “Инга миний хээр тал” роман, “Бүтээхүйн зүй тогтол” утга зохиол судлал, шүүмжийн ном нь монгол түмний шимтэн унших дуртай бүтээлүүдэд зүй ёсоор нэрлэгддэг билээ.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.