Хятад улс цахим валют нэвтрүүлнэ
Вашингтоны эрх баригчид БНХАУ-ыг шинэ коронавирус үүсгэж, дэлхийн эдийн засгийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ Бээжингийн Засгийн газар АНУ-ын эдийн засгийн шинэ довтолгоог үл хамааран цахим валютаа туршиж эхэллээ. Энэ нь Хятадын зах зээлийг ам.доллараас “салгах" боломж олгож байна.
Ам.долларын бүсэд байх нь Бээжинд олон жилийн турш дарамт болсон бөгөөд 2000-аад оны эхэн үеэс юанийг чөлөөтэй хөрвөх валют болгох талаар ярьж эхэлсэн юм. Төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хувилбарыг боловсруулсан ч ам.долларын эдийн засгаас хэсэгчлэн хамааралтай хэвээр байв. Тиймээс Бээжингийн удирдлагууд олон улсын төлбөрт шинэчлэл хийх урт хугацааны зорилгыг баримталж, дэлхийн эдийн засаг дахь нөлөөгөө тэлэхийг хүссэн. Үүний гол зорилго нь Хятадын арилжаа ба хөрөнгө оруулалтын валют болох юанийн нөлөөг нэмэгдүүлэх байв.
2017-2073 онд дэлхийн төлбөр тооцооны зах зээл дэх юанийн эзлэх хувь 28 суурь цэгээр өссөнийг SWIFT (Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэгийн) тайланд дурджээ. 2019 оны наймдугаар сарын байдлаар дэлхийн төлбөрийн валютад юанийн эзлэх хувь 2.2-д хүрчээ. Энэ үзүүлэлт 2011 онд 0.5 хувьтай байв. Юанийг төлбөр тооцоонд ашигладаг санхүүгийн байгууллагуудын тоо энэ хугацаанд 11.31 хувиар өсчээ.
Ерөнхийдөе юанийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг эрэлхийлж байгаа. Гэхдээ чөлөөтэй хөрвөх чадваргүй, зөвхөн нэг улсын хүчин чармайлтаар дэмжигддэг тул нөхцөл байдал парадокс болж байгаа юм. Ийнхүү дэлхийн эдийн засагт юань болон БНХАУ-ын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байна. Хил дамнасан төлбөрийн валютын жагсаалтыг ам.доллар тэргүүлж, евро, Английн фунт стерлинг, Японы иен, Хятадын юань удаалжээ. Энэхүү үзүүлэлт нь Хятадын санхүүгийн тогтвортой байдлаас гадна хөрөнгийн урсгалын хязгаарлалттай холбоотой юм.
Юанийн үүрэг жилээс жилд нэмэгдэж байгаа нь олон улсын зах зээлд гарсан шинэ дэвшил биш гэж шинжээчид дүгнэлээ. Юанийн хүчирхэгжилтийг барууны орнууд хүлээн зөвшөөрдөггүй байв. Тэд эдийн засгийг чөлөөлөх, юанийн чөлөөт худалдаа, үндэсний валютын ханшид төрийн оролцоогүй байх гэх мэт олон шаардлагыг дэвшүүлсэн. Тиймээс БНХАУ ам.доллараас салахын тулд илүү радикал алхам хийхээр шийджээ. Энэ бодлогын эхний алхам нь дижитал мөнгөн тэмдэгт нэвтрүүлсэн явдал байлаа. БНХАУ-ын Ардын банк туршилтын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хотод үндэсний дижитал валют туршжээ.
Дижитил юанийг турших платформ нь Шэньчжэн, Сюнъань, Чэнду, Сужоу хотын компаниуд болсон байна. Хятадын Төвбанк 2014 оноос хойш олон жилийн турш судалгаа хийсний эцэст үндэсний криптовалют нэвтрүүлэх туршилтаа эхлүүпжээ. Тус банкны гол зорилго нь хувь хүн, хуулийн этгээд, улсын эзэмшил дэх дансанд байгаа бэлэн ба бэлэн бус нийт мөнгөний зарим хэсгийг эсвэл гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг дижитал токеноор орлуулах юм. Гэхдээ банкны хадгаламж, хувийн дансан дахь үлдэгдэл зэргийг солихгүй гэж Хятадын Төвбанкны дарга И Ганг өнгөрсөн онд мэдэгджээ.
Албан ёсны дижитал валютыг хэрэглээнд гаргах бэлтгэл ажлаараа БНХАУ бусад олон орноос түрүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус улсад уламжлалт цаасан мөнгөн тэмдэгт болон бэлэн мөнгө хэрэглэх нь эрс багасаж, ухаалаг гар утсаар төлбөр тооцоо хийх системийг маш түгээмэл ашигладаг болсон бөгөөд Хятадын иргэдийн ихэнх нь, ялангуяа хотын залуус түрийвч эсвэл бэлэн мөнгө авч явахаа больжээ.
Үүний оронд тэд “We Chat Pay” болон “Alibaba Group Holding Ltd”-ийн охин компани болох “Ant Financial Services Group”-ийн удирддаг компанийн “Tencent Holdings Ltd” компанийн “Alipay” төлбөрийн системийг ашигладаг. Энэ сарын эхээр мөн БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банк ирээдүйн төлбөрийн системд зориулагдсан цахим түрийвчээ туршиж эхэлжээ. Төрийн дижитал төлбөрийн системд шилжсэнээр мөнгө угаах, мөрийтэй тоглоом болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд ихээхэн тус болно гэж Хятадын Төв банк мэдэгдсэн байна.
Түүнчлэн хүмүүс бэлэн мөнгөний гүйлгээнээс зайлсхийж, цахим худалдааг сонгох болсон цар тахлын үед цахим валют иргэдийн анхаарлыг татна гэж Хятадын Төвбанк тооцоолсон бололтой. Зарим шинжээч цахим валютыг хууль бус үйл ажиллагаанд ашиглаж, кибер гэмт хийх боломж бүрдүүлдэг гэж шүүмжилдэг. Харин Хятадын цахим валют үндэсний төлбөрийн систем ил год байдлаараа ижил төрлийн үйлчилгээнээс ялгардаг. Мөн цахим юанийг 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хотуудад туршиж магадгүй гэнэ.
Сужоуд кибер юанийг тээврийн хэрэгслийн үйлчилгээнд ашиглаж байна. Цахим юань цаасан мөнгийг бүрэн орлоно гэж Хятадын Төвбанкны мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Тус улсад бэлэн мөнгө нь “Alipay”, “We Chat Pay” зэрэг цахим төлбөрийн системүүд, мөн “QR” кодоор төлбөр хийдэг програмуудад үндсэндээ хэдийнэ шахагдаж эхэлжээ. 2013 онд гар утсаар төлбөр хийх арга нь Хятадад бүх төлбөрийн хэрэгслийн 20 хүрэхгүй хувийг эзэлж байсан бол өдгөө 80-аас дээш хувийг эзэлсэн байна.
Эх сурвалж: CNN