Улсын төсвөөс төлсөн 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр байнгын хяналт тавин ажиллаж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.8-д “шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасныг үндэслэн 2017-2019 онд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд судалгаа, дүн шинжилгээ хийв.
Судалгааны дүнгээс харахад 2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байна.
Тэдгээр 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ. Дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулж байна.
Хууль бусаар нийтийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай.
Иймд Авлигатай тэмцэх газраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүллээ.