Хятадад нэг долоо хоногийн дотор хоёр сурагч маск зүүж, биеийн тамирын шалгалтаа өгч байх үедээ нас барсан тохиолдол гарчээ. Энэхүү асуудалтай холбогдуулан тус улсын томоохон хотууд дараагийн гурван сарын турш үргэлжлэх тусгаарлалтын хугацаандаа биеийн тамирын шалгалтуудыг цуцалсан байна. Вакцин гарч амжаагүй байгаа учир маск зүүсэн үед гарах амьсгалын асуудалтай холбогдуулж энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн байна.
БНХАУ-ын Хэнань мужийн Чанша болон Даньчэн хотуудад 14 настай хоёр сурагч гүйж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан тухай мэдэгджээ. Энэ оны 4 сарын 24-нд Даньчэн хотын Цайюань дунд сургуулийн сурагчийн эцэг болох Ли хүүхдээ биеийн тамирын хичээлийн үеэр гүйж байгаад арагшаа савж унасан бичлэгийг сургуулийн камераас харсан хэмээсэн байна. Мөн тэрээр “Энэхүү үйл явдал 2, 3 минутын дотор болоод өнгөрсөн. Тэрээр масктай гүйж яваад гэнэт арагшаа толгойгоороо цохиж унасан. Ангийнхан болон багш нь босгохыг оролдож байсан” хэмээн мэдэгджээ.
Эмнэлгийн зүгээс эцэг эхэд нь гэнэтийн зүрхний шигдээс хэмээх оноштой нас барсны гэрчилгээ явуулсан байна. Түүний биеийг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд эцэг эх нь задлан шинжилгээнээс татгалзжээ. Ли “Би үүнийг маскаас болсон гэж бодож байна. Гадаа гүйж байхад тэнгэр цэлмэг, 20 хэмийн халуун байсан учир масктай гүйхэд хэцүү байсан байх” хэмээн ярилцлага өгчээ.
Хүүгийн үхэл болон маск нь тодорхой холбоо хамааралтай болохыг тогтоогоогүй боловч сургуулийн зүгээс хохирлыг барагдуулан хүүхдийн эцэг эхэд 52300 гаруй ам.доллар өгсөн байна.
Анх нэгдүгээр сараас сургуулийг хааж 4 сарын 20-нд сургуулийг буцааж нээснээс хойш дөнгөж 4 хоноход энэхүү үйл явдал болж өнгөрсөн аж. 45 настай Ли болон 38 настай түүний эхнэр 4 сарын 30-нд буюу хоёр дох хүүхэд мөн адил шалтгаанаар нас барсан өдөр хүүгээ оршуулжээ.
Үүнтэй холбогдуулж Тянжинь, Шанхай зэрэг хотууд болон Шэньси, Жөжян зэрэг мужуудад гүйлтийн шалгалтыг цуцалсан байна. Мөн энэхүү нас барах тохиолдол гарсан Сычуань болон Хунань мужид энэ жилээс хойш гүйлтийн шалгалтыг цуцлах болсон байна.
Сонирхолтой нь Шэньси мужийн анагаах ухааны их сургуулийн профессор Чао Ланшу хүүхдүүд маск зүүсний улмаас хүчилтөрөгчөөр дутагдаж нас барсан хэмээх санааг няцаажээ. Тэрээр нийтийн сүлжээнд “Энэхүү гэнэтийн үхэл нь маскаас болсон гэж бодохгүй байна” хэмээн нийтэлсэн байна. Мөн тэрээр “Энэ хүүхдэд амьсгалахад асуудал гарсан бол тэрийгээ мэдэх байсан. Ингэж зүрх нь зогстол гүйхгүй байсан” хэмээсэн аж.
“Хүүгийн үхлийн үнэн шалтгааныг мэдэхийн тулд задлан шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан” хэмээн тэрээр хэлсэн байна.
Эх сурвалж: 7News