Кени улсын иргэд хөл хорионоос гарахыг хүсвэл төлбөр төлөх хэрэгтэй болжээ
Валентин Очого гэх 26 настай эмэгтэй Дубайгаас төрөлх нутаг болох Кени улсын Найроби хотод ирэхэд бусад жуулчидтай хамт их сургуулийн дотуур байранд тусгаарласан байна.
Бусад улсад хэрэгжүүлж буй 14 хонгийн тусгаарлалтаас ялгаатай нь түүнийг 32 хоног тусгаарласан бөгөөд тэр хугацаанд нэлээд даарч өлсөхөөс гадна шөнө бүр их айдастай өнгөрөөсөн хэмээжээ. Тэрээр "коронавирусын тестээр гурван удаа сөрөг хариутай гарсан боловч 434 ам.доллар төлөхөөс нааш гаргахгүй гэсэн" хэмээн мэдэгджээ. Тэрээр энэхүү үнийн тохиролцоог 65 ам.доллар болтол буулгасны эцэст тусгаарлалтаас гарсан байна.
Кени улсын захиргаа нь ийнхүү коронавирусын эсрэг авч буй арга хэмжээгээрээ маш их шүүмжлэл авч байгаа билээ.
Хөл хорионы цаг болон маскийн хэрэглээг зөрчсөн иргэдийг цагдаа нар нь цагдаагийн газар бус коронавирусын халдвартай хүмүүс бүртгэгдсэн тусгаарлалтад буй газар луу шууд явуулж байгаа аж.
“Иймэрхүү онц байдалд чиний үзэл бодол тэдний сайн сайхны төлөө байх үед хүчлэх бус хамтын ажиллагааг тэднээс хүсэх ёстой” хэмээн Кени улсын эрүүл мэндийн холбооны дэд ерөнхийлөгч, Мой анагаах ухааны их сургуулийн дэд профессор Лукое Атволи хэлсэн байна.
Тусгаарлалтаас дөнгөж гарсан хүмүүсээс ярилцлага авахад ариун цэврийн байдал хангаагүй газар хангалтгүй хэмжээний хоол хүнсээр хангаж, 14 хоногоос дээш тусгаарлахаас гадна коронавирусын тестийн хариуг мэдэгдэхгүй байсан тухай өгүүлсэн бөгөөд их хэмжээний төлбөр төлөхөөс нааш гаргаагүй хэмээн ярилцлагадаа тусгажээ.
Өнгөрсөн сар Найроби хотод тусгаарлалтаас 50 хүн оргосноор тус улсын эрүүл мэндийн яамнаас ийнхүү төлбөр ноогдуулах нь хүмүүсийг коронавирусын тест өгөхөөс татгалзуулж байгаа учир төлбөр ноогдуулахаа болих тухай зарлажээ. Мөн хөл хорионы цагийг зөрчсөн хүмүүсийг тусгаарлалад бус түр байрлах зориулалттай газар байлгах болохоо мэдэгдсэн байна.
3 сарын сүүлээр Кени улс руу зорчсон иргэдэд ийнхүү асуудал тулгарсан бөгөөд онгоцны буудлаас эхлээд хүмүүс нь шамбааралдаж байсан ба тодорхой арга хэмжээ аваагүй хэмээсэн байна. Мөн удаан хугацааны хүлээлэг дотор буудлын мөнгө төлөх боломжгүй хүмүүсийг 20 гаруй хүнтэй автобусанд суулган явуулсан бөгөөд хамгаалах хэрэгсэл болох маск зэргээр хангаагүйгээс гадна хүмүүсээр дүүрсэн дотуур байранд оруулсан байна. Мөн цагдаа нар нь мөнгө төлөхийг шаардаж заналхийснээс гадна төлбөр төлөөгүйн улмаас хоол хүнсээр хангахгүй байх, хэрэгцээт эм нь дуусах зэргийн асуудлууд мөн илэрчээ.