Коронавирусын халдварын дэгдэлтийг бууруулах зорилгоор Энэтхэгт тогтоосон хөл хорионы дэглэмийн улмаас өнгөрсөн 4-р сард 122 сая хүн ажилгүй болсон хэмээн Энэтхэг дэх эдийн засгийн судалгаа шинжилгээний төвөөс мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэгт ажилгүйдлийн түвшин түүхэн дэх хамгийн өндөр буюу 27.1 хувийн үзүүлэлттэй байгаа нь АНУ-ын ажилгүйдлийн түвшнээс даруй 4 дахин өндөр байгаа аж. КОВИД-19 өвчний тархалтыг бууруулах зорилгоор Энэтхэгт өнгөрсөн 3-р сарын 25-наас хойш хөл хорио тогтоосноор компани, аж ахуйн нэгжүүд ажилчдаа хугацаагүй амрааж, олноор нь халж эхэлсэн юм. Тус улсад ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 3-р сард 8.7 хувьтай байсан 4-р сард 23.5 хувь болон огцом өссөн байна. Энэ нь хөл хорионы дэглэмийн улмаас эмнэлгийн байгууллагууд, эмийн сангууд болон хүнсний дэлгүүрүүдээс бусад үйлчилгээний байгууллагууд бүгд хаагдсантай холбоотой юм.
Барилгын ажлууд зогссонтой холбоотойгоор хөлсний хар ажилчид хамгийн түрүүнд ажилгүй болцгоосон байна. Хөл хорионы дэглэм зөвхөн хөлсний ажилчдад нөлөөлөөд зогссонгүй. Хэвлэл мэдээлэл, агаарын тээвэр, худалдаа үйлчилгээ, автомашин үйлдвэрлэлийн салбарын томоохон компани, аж ахуйн нэгжүүд ч мөн адил үндсэн болон гэрээт ажилтнуудаа олноор халахад хүрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд жижиг дунд бизнес эрхэлдэг олон тооны аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих гэнэ. Ажилгүй болсон 122 сая хүний 91.3 сая нь жижиг худалдаа наймаа эрхлэгчид, хөлсний хар ажилчид байсан бол 17.8 сая нь тогтмол цалинтай иргэд, 18.2 сая нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ.
Эх сурвалж: BBC