Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчнөөс бүрэн хамгаалдаг нян нээжээ
Кени болон Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нянг нээсэн байна. Тус судалгааны баг энэхүү нээлтийн хүчээр жилд олон мянган хүний аминд хүрдэг аюулт өвчний тархалтыг бараг үгүй хийх боломжтой хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
Тус хумхаа өвчнөөс сэргийлдэг микроб буюу бичил биетийг "Microsporidia MB” хэмээн нэрлэх шийдвэр гаргасан юм. Кенийн Виктория нуурын ойролцоо судалгаа хийж байх явцдаа эрдэмтэд "Microsporidia MB”-г нээсэн гэж BBC-д ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Судалгааны багын гишүүн Кенийн эрдэмтэн Жереми Херрен "Хумхаа өвчний халдварыг 100 хувь үгүй хийх боломжтой болохыг бидний хийсэн тооцоо харуулж байна. Энэ бол хумхаа өвчнийг үгүй хийх бүрэн боломжтой нээлт юм” хэмээн хэлсэн аж.
Оксфордын их сургуулийн явуулсан судалгаагаар жилд дунджаар 400,000 хүн хумхаа өвчний улмаас нас бардаг гэдгийг тогтоожээ. Тэдгээрийн ихэнх нь Африкийн орнуудад тохиолддог бөгөөд хүүхдүүд тэр дундаа 5-10 насныхан хамгийн ихээр өвчилдөг байна.
Эх сурвалж: BBC