Судалгаагаар коронавирусын эндэгдэл нь D витамины дутагдалтай холбоотой байж болзошгүй хэмээх санааг дэвшүүлжээ
Витамин D нь бие физиологийн эрүүл үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг нэгдэл юм. Судалгаагаар D витамины дутагдал нь сэтгэл гутрал, улирлын чанартай сэтгэцийн өөрчлөлт болон бусад сэтгэцийн эмгэгүүдтэй холбоотой болохыг тогтоосон билээ. Энэхүү судалгаанд D витамины дутагдал болон коронавирусын эсрэг биеийн үйл ажиллагааны холбоо хамаарлыг судалсан байна.
Прабово Рахарусунагийн ахалсан Индонезийн судалгааны баг коронавирусын 780-н тохиолдлоос дээж авч, D витамины дутагдлыг судлан түүнийгээ нийтэлжээ.
Энэхүү судалгаанд:
- Нас барагчдын дийлэнх нь D витамины дутагдалтай
- Өндөр настай, суурь өвчтэй, D витамины хэмжээ нь хэвийн хэмжээнээс бага хүмүүсийн нас барах магадлал хамгийн өндөр
- Хүйс, нас болон суурь өвчнөөс илүүтэйгээр D витамины хэмжээ нь коронавирусын эндэгдэлтэй хамгийн их холбоо хамааралтай болохыг дурджээ
Филиппиний Давао их сургуулийн Марк Алипио мөн өөрийн судалгаандаа D витамины хэмжээ нь хэвийн түвшинд байгаа хүмүүс коронавирусын хөнгөн хэлбэрээр өвчлөх магадлал илүү өндөр байсан тухай тусгажээ. Тодорхойлбол D витамины хэмжээ хэвийн байх үед коронавирусын шинж тэмдэг хөнгөнөөр илрэх магадлал 19.6 дахин их байсан юм.
Рахарусунагийн хийсэн судалгаа нь ижил үр дүнд хүрсэн бөгөөд D витамин хангалтгүй түвшинд байх үед эндэгдэл 13 дахин ихсэж, D витамины дутагдалд орсон үед 19 дахин өссөн байна. Эндэгдлийн тоон үзүүлэлт нь нас, хүйс болон суурь өвчнүүдээс хамаарч байгааг бид бүгд мэднэ. Гэвч, D витамины дутагдалтай байх үед нас барах магадлал 10 дахин өсөж байжээ. Дэлхий дахинд тэрбум гаруй хүмүүс D витамины дутагдалтай байдаг гэх таамаглал байдаг аж.
Энэхүү судалгаа нь коронавирусын шинж тэмдгийг намдаах болон эдгээхэд ач холбогдолтой байж болзошгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: PsychologyToday