Хуванцар бидний хэрэглэдэг эд зүйлстэй нэгэнт салшгүй холбоотой болжээ. Өмсдөг хувцаснаас эхлээд хүнсний бүтээгдэхүүнд хүртэл ямар нэгэн байдлаар хуванцар материал оролцож байдаг. Учир нь хуванцар хөнгөн, хийхэд хялбар, гадаргын хатуу байдал зэргээрээ бусад хиймэл материалуудаас илт ялгардаг.
Хуванцаргүйгээр бидний хэрэглэдэг олон зүйлс өндөр үнэтэй эсвэл байхгүй болох байсан. Гэвч юм бүхэн хоёр талтай байдгаар үүнийг үйлдвэрлэхэд маш их нүүрстөрөгч ялгардаг бөгөөд үр дүнд нь хүлэмжийн хий нэмэгдэж дэлхий бага багаар дулаарсаар байна. Их хэмжээгээр үйлдвэрлэж, дийлэнхийг нь дахин боловсруулахгүйгээр хаядаг учир байгаль орчин, эко системийг асар их хэмжээгээр бохирдуулж байдаг. Хуванцартай холбоотой орчин үеийн асуудал бол хуванцар нь жижиг хэсэгт задарснаар хоол хүнс, агаар, устай холилдож амьд амьтан бүрийн биед тодорхой хэмжээгээр шингэдэг болсон юм.
Хуванцраас өөр төрлийн шийдэл олохын тулд эрдэмтэд сүүлийн хэдэн жил зууралдсан билээ. Тэдгээрээс үр дүнтэй байж магадгүй гэсэн хэдийг нь өнөөдөр энд бэлдлээ. Нэн тэргүүнд хуванцрыг хэрхэн бүтээдгийг танилцуулъя. Нефтийг химийн урвалд оруулж жижиг үрлэн хэмжээтэй болгож хувирган, түүнийгээ ашиглан хуванцрыг халааж хэвд оруулснаар сав, гялгар уут, соруул гээд бүх л хуванцрын төрлийн зүйлсийг бүтээнэ.
Хуванцар нь өөрөө полимер нэгдэл бөгөөд энэ дундаас хамгийн том төрөл нь полиэтилен юм. Үүнийг голцуу ганц удаагийн зориулалтаар савлагаанд ашиглаж, дууссан бол шууд хогийн цэгт хаядаг.
Хуванцрын хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд нэн чухал болсон бөгөөд шинэ шийдэл олох шаардлагатай байгаа юм. Шинэ материал нь хуванцарт байдаг бүх чанарыг агуулахын зэрэгцээ байгальд хоргүй, үйлдвэрлэхэд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, хурдан задардаг байх ёстой.
Эдгээр нөхцөлийг хангаж магадгүй нэгэн полимер нэгдэл байгаа бөгөөд үүнийг полигидроксиалканоат гэж нэрлэдэг. Энэ нэгдэл нь бактериас гаралтай, хэрэглэж дууссаны дараа байгальд өөрөө задрах чадвартай бөгөөд өөрөөр хэлбэл бактери ашиглан хуванцар үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Их хэмжээний бактерийг метаны хий ашиглан үржүүлснээр тухайн нэгдлийг үйлдвэрлэх боломж байгаа гэж судлаачид үзэж байна.
Орчин үед өөр өөр төрлийн бактерийг төрөл бүрийн органик нэгдлээр хангаснаар бактериас метан ялгаруулж түүнийг биополимер ялгаруулдаг бактерид мөн хоол болгож өгөн үйлдвэрлэдэг болж байна. Хангалттай хэмжээнд ялгарсан тухайн бактериас янз бүрийн бодисуудыг салгаж авч, гол материалаа авч үлдсэний дараа дээр дурдсанчлан үрэл шиг хэмжээтэй болгож бусад үйлдвэрлэгчдэд түгээнэ.
Эдгээр метан үйлдвэрлэгч бактериуд нь цэвэршүүлэгч байгууламж дээр аль хэдийн байдаг бөгөөд хуванцар үйлдвэрлэх газраа шууд байгуулах боломжтой гэж харж байна. Яг энэ үйл явцыг АНУ-ын "Mango Materials" компани туршсан бөгөөд одоогоор хуванцар нэхмэлийн утас, баглаа боодол, 3D хэвлэгчийн материал зэргийг бүтээж байна. Дараагийн шатандаа гялгар уут үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгджээ.
Байгальд ээлтэй технологи бэлэн байгаа, бидний хийх ёстой зүйл бол дэд бүтцийг нь өргөжүүлж, нийтийг хамарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй хэмээн тус үйлдвэрлэгчид хэлсэн байна. Хэрэв анхаарал, санхүүжилтээ олон нийтээс, хувийн хэвшлээс авч чадвал бид энэхүү шинэ технологийг ойрын 5 жилдээ бүрэн хэрэглэх боломжтой аж.
Эх сурвалж: Seeker, Mango Materials