Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?
2018 онд "Starlink" анхны туршилтын хоёр хиймэл дагуулаа хөөргөж, 2019 оны 5-р сард анхны 60 ширхэг хиймэл дагуулаа өөрсдийн фалкон-2 пуужингаараа амжилттай дэлхийн тойрог замд нэвтрүүлсэн.
Түүнээс хойш бага багаар "SpaceX" нь өөрсдийн пуужингаараа интернет хиймэл дагуул хөөргөсөөр байгаа билээ. Дэлхийн бараг бүх гадаргуу дээр өндөр хурдны интернет хангахын тулд "SpaceX" ойролцоогоор 12,000 гаруй хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр хэрхэн энэ их хиймэл дагуулыг хөөргөх гэж байгаагаас гадна, энэ том төсөл хийж байгаагийн зорилго юу вэ гэдгийг та бүхэнд тайлбарлая.
Элон Маск 2005 оноос энэхүү том төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөснөө хүмүүст анх танилцуулж, тэр ондоо "SpaceX"-ийн нэг төсөл болгон хөгжүүлж эхэлсэн. Анх 2016 онд анхны загвараа сансарт хөөргөж, 2020 он гэхэд эхний хэдэн хиймэл дагуул нь ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан ч дэлхийгээс сайн дохио хүлээж авах чадалтай төхөөрөмж зохион бүтээхэд цаг их орж байгаа тул анхны төлөвлөгөө нь хойшилж сүүлийн хэдэн жилүүдээс дахин хэрэгжиж эхэлж байна.
Энэхүү том төслийн үндсэн зорилго нь Элоны хэлж буйгаар “Хэрэгцээ нь дэлхийд бүрэн хангагдаагүй интернет хэрэглээний эрэлтийг хангах”. Энэ нь ч үнэний ортой бөгөөд хэдий интернет 21-р зууны гоц технологи гэж байгаа ч дэлхийн нийт хүн амын бараг тал хувь нь одоог хүртэл интернетэд холбогдож чаддаггүй, энэ тоо нь ч цаашдаа буурах төлөвгүй байгаа. Гэвч Элон зөвхөн дундаж хөгжилтэй орнуудыг зориогүй, харилцаа холбоо нь хөгжсөн улс орнуудыг ч мөн бодолцож байгаа аж. Хамгийн наад захын жишээ нь дэлхийн зах зээл дээр арилжаалж байгаа хувьцааг өрсөлдөгчөөсөө өрсөж худалдаж, зарж түүнээсээ ашиг олдог компаниуд.
Жишээлбэл Лондон, Нью Йорк хотуудад байдаг хөрөнгийн зах зээлийн тоглогч компаниудыг аваад үзье. Энэ хоёр хотын хоорондох зай нь ойролцоогоор 12,000 км ба дундаж мэдээлэл очих хурд нь ойролцоогоор 65 миллисекунд (62ms). Харин энэхүү томоохон хөрөнгийн биржүүдэд түрээсийн тусгай шилэн кабел байдаг бөгөөд түүний хурд нь 59.95 миллисекунд байна. Тавхан миллисекунд илүү хурдны төлөө л гэхэд эдгээр томоохон биржүүд 300 сая ам.доллар төлсөн байна.
Харин одоо Старлинкийн хурдыг харьцуулж үзье. Яг бодит тооцоо байхгүй ч онолын хувьд бол Лондонгоос Нью-Иорк хот руу мэдээлэл очих хурд нь ойролцоогоор 42.2 миллисекунд болж байгаа юм. Харьцангуй бага хурдны төлөө хөрөнгийн бирж болон бусад өндөр зэрэглэлийн компаниудаас авах жилийн ашиг нь 30-50 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна. Үүн дээр нэмээд бусад шинээр нэмэгдэх хэрэглэгчдээс авах төлбөр гэхэд "SpaceX"-ийн олох ашиг нь жинхэнэ талийж өгөх нь. "SpaceX"-ийн одоогийн орлого нь жилд 3 тэрбум ам.доллар байгаа билээ.
Эх сурвалж: Starlink, RealEngineer