Тусгаарлалтанд дотогшоо хүмүүс илүү зовдог
Гадагшаа хүмүүс нийгмийн харилцаагаар цангаж байдаг бол дотогшоо хүмүүсийн хувьд энэ нь тийм ч чухал биш байдаг. Энэ нь коронавирусын тусгаарлалт гадагшаа хүмүүсийн сэтгэл зүйд илүү нөлөөлнө гэсэн үг юм болов уу?
“Тийм ч хурдан дүгнэж болохгүй. Тусгаарлалт нь дотогшоо хүмүүсийн сэтгэл зүйд илүү нөлөөлдөг” Хэмээн Виржиниа мужийн “Greater Divide” төвийн хийсэн судалгаанд дурдсан байна.
Энэхүү дүгнэлтэд хүрэхийн тулд тус төв нь АНУ-ын насанд хүрсэн 1000-н иргэнээс гадагшаа эсвэл дотогшоо хүн болохыг хэмжих зан чанарын тест болон коронавирусын тусгаарлалт тэдний сэтгэл зүйд өгч буй нөлөөнд санал нийлж буй түвшнийг тогтоох тест авсан юм. Сонирхолтой нь дотогшоо хүмүүс сэтгэл зүйн асуудалд илүү автаж байгаа болохыг олж мэдсэн байна.
Мэдээж энэ нь бидний түгээмэл ойлголтоос эсрэг байгаа. Нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс хэд хэдэн удаа тусгаарлалтад байгаа гадагшаа хүмүүсийн шаналалд гашуудаж буй “Мийм” олж харсан байх. Гадагшаа хүмүүс нийтийн сүлжээнд “Одоо миний хийх дуртай бүх зүйл хууль бус боллоо”, “Миний амьдрал миний хүсэж байснаас эсрэг байна” гэх мэтийн нийтлэл оруулж байсан билээ.
Гадагшаа хүмүүс ярьж байгаагаасаа илүү тусгаарлалтыг сайн даван туулж байгаа шалтгааны талаар тус судалгаанд хэдэн санаа дэвшүүлжээ. Эхний шалтгаан нь гадагшаа хүмүүс сэтгэл зүйн нөлөөний хувьд илүү уян хатан байдаг талаар олон судалгаанд дурдаж байсан байна. 2008 оны зан чанарын тухай судалгаанд гадагшаа байдал нь эерэг сэтгэлгээтэй чанга уялдаа холбоотой болохыг тогтоосон байна. Хялбараар хэлбэл гадагшаа байна гэдэг нь нийгмийн харилцааны байгалийн зан чанараас гадна эерэг сэтгэлгээтэй холбоотой болохыг харуулж байгаа юм.
Гадагшаа хүмүүс тусгаарлалтыг харьцангуй сайн даван туулж буй өөр нэг шалтгаан нь нийтийн сүлжээний холбооны хэмжээтэй хамааралтай юм. Судалгаагаар эдгээр хүмүүс нь нийтийн сүлжээнд илүү олон найз нөхдийн холбоотой байдаг болохыг олж мэдсэн байна. “Энэхүү нийтийн сүлжээг ашиглаж буй хүмүүс нь өөрийн дотоод зан чанараас зугтахаас илүүтэйгээр энэхүү зан чанараа нийтийн сүлжээнд түгээх хандлагатай байдаг” хэмээн тус судалгаанд дурджээ. Энэ нь одоогийн нөхцөл байдалд эдгээр хүмүүс гэртээ гацсан ч нийгэмтэй холбоотой байхад хялбар болгож байгаа юм.
Эх сурвалж: PsychologyToday