Элон Маск өөрийн бүх байшин, хувийн өмчөө зарах гэж байгаагаа зарлалаа
- Тэрбумтан Элон Маск твиттер хуудсандаа өөрийн бүх байшин, хувийн өмчөө зарж байгаагаа зарлажээ. Тэрбээр нийт 100 сая ам.долларын үнэ бүхий долоон байшин эзэмшдэг.
- Маск мөн өөрийн компани болох Теслагийн нэгж хувьцааны үнэ хэтэрхий өндөр байна гэж жиргэсэн байна. Үүний дараа түүний компанийн хувьцааны ханш нь огцом унав.
- Маск нь сүүлийн хэд хоног АНУ-гийн шинэ коронавирусийн эсрэг ард иргэддээ авч буй арга хэмжээг эсэргүүцсэн бодолтой байгаагаа удаа дараатай илэрхийлсэн бөгөөд түүнийгээ ч интернет дээр хүчтэй харуулж байгаа.
Элон Маск твиттер хуудсан дээрээ нэлээн идэвхтэй хүн. Харин саяхан тэрбээр өөрийн эд хөрөнгийн талаар нухацтай бодсон бололтой өнгөрөгч бямба гарагт өөрийн бүх өмч хөрөнгөө зарахаа илэрхийлсэн. Твиттер дээрх нэгэн хэрэглэгч Маскаас “Бэлэн мөнгө хэрэгтэй болсон болохоор зарж байна уу эсвэл энэ ямар нэгэн эсэргүүцлийн хэлбэр үү?” гэж асуухад “Бэлэн мөнгө хэрэггүй ээ. Өөрийгөө Ангараг болон Дэлхийд зориулж байна. Биет өмч чамайг зөвхөн араас чинь л чангаана.” гэж хариулжээ.
Тэр дараагийн жиргээ дээрээ цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ хэтэрхий өндөр байна гэжээ. Үүнээс болж өнгөрөгч бямба гарагийн өглөө хувьцааны ханш нь 9.3 хувиар унасан байна. Сонирхуулж хэлэхэд, Маск ноднин жил Теслагийн хувьцааны үнийг 420 болоход нь хувийн өмчит болгоно гэж жиргэсэн байна. Түүнээс болж хувьцааны үнэ огцом өссөн ч Маск компаниа хувийн өмчит болгоогүй тул АНУ-гийн Үнэт цаас арилжааны газраас (SEC) луйврын хэргээр шүүхэд өгч, Маск 20 сая ам.долларын торгууль мөн хоёр жил Тесла компанийн гүйцэтгэх захирал байх эрхийг нь хасжээ.
Маскын “ямар ч байшин эзэмшихгүй” гэсэн жиргээнээс нь болж түүний одоогийн найз охин Канадаас гаралтай, хөгжимчин, дуучин Кримес (Grimes) өөрт нь уурласан гэсэн жиргээ нийтэлжээ.
Маск дор хаяж долоон тансаг зэрэглэлийн хаус эзэмшидэг. Тэдгээрийн нийт үнэлгээ нь 100 гаруй сая ам.доллар болж байгаа юм.
Масктай холбоотой сүүлийн шуугиан нь Америкийн шинэ коронавирусийн эсрэг ард иргэддээ авч буй арга хэмжээг эсэргүүцэж, засгийн газрын арга барилыг “Фашист дэглэмийн” гэж шүүмжилсэн байна. Засгийн газрын хоригоос болж Маскын Калифорни мужийн Фремонт хотод байрладаг Теслагийн үйлдвэрийн үйл ажиллагаа хүчээр зогсохоос өөр аргаггүй болсон. Зарим хүмүүс түүний эсэргүүцлыг үүнтэй холбоотой гэж бодож байна.