ОХУ-д гурван эмч үл мэдэгдэх шалтгааны улмаас цонхоор унажээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Воронеж мужийн Новая Усман хотын эмнэлгийн цонхоор 37 настай түргэний эмч Александр Шулепов унаж хүндээр бэртсэн хэрэг гарчээ.
Тэрбээр 2 давхраас унасан бөгөөд гавлын яс нь гэмтсэн учраас сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Александр Шулепов коронавирусийн халдвар аваад эдгэрч байсан аж. Үүнээс өмнөх долоо хоногийн хугацаанд 2 өөр Орос эмч үл мэдэгдэх шалтгаанаар эмнэлгийнхээ цонхноос унасан бөгөөд хоёулаа нас барсан юм.
Хэдийгээр халдвар авсан нь илэрсэн боловч дарга нар нь түүнийг эмчилгээгээ хийлгэнгээ ажлаа үргэлжлүүлэх үүрэг өгсөн тухай Александр Шулепов цахим орчинд мэдэгдсэн байсан гэнэ.
Мөн 5-р сарын 1-ны өдөр Красноярск хотын ахмад дайчдын эмнэлгийн ерөнхий эмч Елена Непомняшая эмнэлгийнхээ таван давхарт байрладаг өрөөнийхөө цонхоор унаж нас барсан билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Елена Непомняшая цонхоор унахаасаа өмнө мужийн эрүүл мэндийн газрын дарга Борис Немиктэй утсаар ярин эмнэлгийнх нь нэг жигүүрийг халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд дайчлахыг эсэргүүцэж байжээ.
Харин 4-р сарын 24-ний өдөр Москватай ойр Звёздный нэртэй жижиг хотын түргэн тусламжийн төвийн дарга Наталья Лебедева коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байх даа эмнэлгийнхээ цонхоор унаж мөн нас барсан юм.
Одоогоор Орос улсад 145,268 тохиолдол бүртгэгдсэнээс 1,356 нь нас барсан байна.
Эх сурвалж: The Moscow Times