Коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо буурах хандлагатай байна
Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 3.5 саяыг давж, уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 245,992-д хүрээд байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусын халдвар авсан, уг халдварын улмаас нас барсан иргэдийн тоо сүүлийн саруудад буурсаар байна. Коронавирусын халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх нь Хойд Америк болон Европын орнуудад бүртгэгдээд байгаа ба сүүлийн хэдэн өдрүүдэд ОХУ, Латин Америк, Африкийн улс орнуудад КОВИД-19 өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхий даяар коронавирусын халдвар авсан 84 004 тохиолдол бүртгэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай ч халдварын тархалт нь 1918 онд дэгдсэн Испанийн томуутай харьцуулахад бага байгаа аж.
Испанийн томуугаар 500 сая гаруй хүн өвчилж байжээ. Өнгөрсөн 3-р сард нэг өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тохиолдол дэлхий даяар 13 орчим хувьтай байсан бол энэхүү үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт 2-3 хувьтай болж буурчээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд ойрын хугацаанд хөл хорионы дэглэмийг сулруулах тухай хэлэлцэж байна. Хөл хориог сулруулахын тулд улс орнууд халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх арга хэмжээг авсан байх ёстой гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд коронавирусын оношлуур болон эмнэлгийн байр, ор дутмаг улс орнуудад коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаад түгшиж буйгаа илэрхийлсээр байна.
АНУ-ын зарим мужууд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн хөл хорионы дэглэмээ сулруулаад байгаа бол бусад мужуудын удирдлагууд тэр дундаа Нью Йоркийн амбан захирагч Эндрю Куомо хөл хориог сулруулах шийдвэр гаргахад хэтэрхий эрт байна гэдгийг онцолжээ. Коронавирусын халдвар авч, эдгэрсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсад коронавирусын халдварын оргил үе өнгөрсөн хэдий ч хөл хорионы дэглэмийг сулруулах талаар ярихад эрт байна гэжээ.
Коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад эрх баригчид хөл хорионы дэглэмийг сулруулах тал дээр анхаарал болгоомжтой хандаж байна. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон коронавирусын халдварын тархалтыг бууруулж, хөл хорионы дэглэмийг бүрэн цуцлахын тулд бүх иргэдийн гар утсанд хөдөлгөөнийг нь хянах тусгай аппликэйшн суулгаж, коронавирусын шинжилгээнд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дурджээ.
Улс орнууд коронавирусын халдвартай ч шинж тэмдэг илрээгүй эсвэл хөнгөн зэргийн шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авахгүй байгаа нь мөн зөвхөн эмнэлэгт нас барсан иргэдийн тоог өгч байгаа нь коронавирусын цар тахалтай холбоотой бодит тоо баримт албан ёсны тоо баримтаас хавь илүү байх өндөр магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: BBC