Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт
Бид өнөөдөр “дижитал хувьсгалын эрин” гэгдэх техник технологи өдрөөс өдөрт асар хурдтайгаар хөгжиж буй цаг үед амьдарч байна.
Яг л 2000-аад оны үед телевизээр гардаг байсан роботтой зөгнөлт кинонд гардаг шиг бидний амьдрал хиймэл оюун ухаантай хэдийн салшгүй холбоотой болжээ. Энэхүү хурдацтай хөгжлийн хүрээнд нийгэм дэх хэд хэдэн томоохон салбарууд хиймэл оюун ухааныг салбартаа түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд үүнд анагаах ухааны салбар болон сэтгэл судлалын салбарууд ч багтаж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндийн асуудлын нэг боловч тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал хэвээр байсаар байна. Тухайлбал, дэлхийн хүн амын бараг тал хувь нь 100,000 хүн тутамд нэгээс бага сэтгэцийн эмч ногддог улсад амьдардаг. Аз болж хиймэл оюун ухаан, компьютер технологийн ахиц дэвшил нь энэхүү салбарт бодит шийдэл болж магадгүй болоод байна. Харин хиймэл оюун ухаан чухам яаж сэтгэл гутрал, хоёр туйлт эмгэг, шизофрения зэрэг бусад олон төрлийн сэтгэцийн эмгэгүүдэд эерэгээр нөлөөлж чадна гэж?
Өнгөрсөн хэдэн арван жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт тархи судлаачид болон клиникийн эмч нар машин сургалт (machine learning) гэгдэх хиймэл оюун ухааны дэд хэсгийг хэрэглэн сэтгэцийн өвчин бий болохоос өмнөх гол шинж тэмдгүүдийг олж тогтоон, өвчтөнд зориулсан эмчилгээний төлөвлөгөө ч боловсруулж эхэлжээ. Урьд өмнө нь сэтгэцийн эмгэг оношилгоо нь бүлгийн дундаж болон хүн амын дунджийн статистик дээр суурилдаг байсан бол машин сургалт нь эмч нарыг хувь хүн тус бүрийн онцлогоос шалтгаалан оношлох боломжтой болгосноороо илүү давуу юм. Эдгээр хиймэл оюун ухаант машин сургалт нь тодорхой програмчлалгүйгээр зан төлөв, тархины талаарх асар их өгөгдлийг авснаар ямарваа нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар үргэлж “суралцаж” байдаг. Ингэснээр чухам ямар хүмүүс аливаа сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлд байгааг, нэгэнт оношлогдсон өвчтөнд ямар төрлийн эмчилгээ илүү тохирох талаар урьдчилан таамаглаж болно.
Хиймэл оюун ухаанд тулгуурлан сэтгэцийн эмгэгийг урьдчилан таамаглах нь:
Нийгмийн сүлжээний платформыг ашиглах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байгаа энэ үед тэдгээрийн ард буй компьютер тооцооллууд нь хэрэглэгчдийн сэтгэцийн байдлыг урьдчилан таамаглах чухал хэрэгсэл болж байна. Машин сургалтын моделууд нь нийгмийн сүлжээнд бичсэн нийтлэл, и-мейл хаяг зэрэг дижитал системд суурилан сэтгэл гутралын үе шатыг илүү эрт үед нь таамаглаж чаддаг аж. Жишээлбэл, 2018 онд Facebook хэрэглэгчдийн нийтэлсэн 524,292 нийтлэлийг задлан шинжилсний үр дүнд Eichstaedt ахлагчтай судалгааны баг хиймэл оюуны тусламжтайгаар Facebook хэрэглэгчдийн сэтгэл гутралыг эрүүл мэндийн үйлчилгээнээс даруй 3 сарын өмнө урьдчилан таамаглаж чадсан байна. Түүнчлэн судлаачид сэтгэл гутралыг урьдчилан таамаглахын тулд Instagram платформ дээрээс авсан гэрэл зургийн өгөгдлүүд дээр Machine learning аргачлалыг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд сэтгэл гутралд орсон хүмүүсийн байрлуулсан зургууд илүү бүдэг, саарал, харанхуй, мөн цөөн тооны хүнд таалагдсан болохыг тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнгээс харвал хувь хүний сэтгэл зүйд гарсан томоохон өөрчлөлтүүд нийгмийн сүлжээнд тодорхой харагдаж байдаг тул тоцооллын аргын тусламжтай тухайн хүний сэтгэл зүйн асуудлыг таньж мэдэх боломжтой болоод байна.
Хиймэл оюун ухааны тусламжтай сэтгэцийн эмгэгийг оношлох нь:
Аливаа өвчтөний эрүүл мэнд, амь насыг аврахын тулд хамгийн түрүүнд зөв оношилгоо хийх нь чухал билээ. Анагаахын шинжлэх ухааны бусад салбарууд дахь өвчин эмгэг жишээлбэл яс хугарах, арьсны өвчин зэрэг ил хэлбэрийн өвчлөлийг оношлоход харьцангуй амар боловч сэтгэцийн аливаа эмгэгийг гаднаас нь хараад шууд онош тогтоон эмчлэх боломжгүй тул сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчдээс их хэмжээний цаг хугацаа, туршлага шаарддаг.
Харин дээр дурдсан машин сургалтын тусламжтайгаар сэтгэцийн өвчнийг илүү хялбар оношлох боломжтой болоод байгаа бөгөөд хиймэл оюун ухаан нь зарим тохиолдолд эмчээс илүү үр дүнтэй байгаа аж.
Хиймэл оюун ухааны тусламжтай сэтгэцийн эмгэгийг эмчлэх:
Ухаалаг утас нь хамгийн хурдацтай хөгжиж буй дэвшилтэт технологийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Харин одоо үед ухаалаг утасны тусламжтайгаар дэлхийн хаанаас ч хэрэглэж болох, зардал багатай сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжтой болжээ. Үүний нэг жишээ бол Woebot гэх нэртэй сэтэл засалч робот аппликейшин юм. Энэхүү хиймэл оюун ухаант аппликейшин нь танин мэдэхүй зан үйлийн эмчилгээтэй ижил үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Woebot-г ашигласнаар таны хувийн мэдээлэл нууц хэвээр үлдэхээс гадна хэзээ ч хаанаас ч гар утсаараа хялбархан холбогдох боломжтой. Энэ мэт хиймэл оюун ухаанд суурилсан олон олон зан үйлийн программ нь хөгжлийнхөө хувьд дөнгөж эхэлж байгаа хэдий ч олон олон шинжлэх ухаанчид, мэргэжилтэн судлаачдын хөдөлмөрийн үр дүнд бид удахгүй илүү хялбар дижитал системээр өөрсдийн сэтгэл зүйг эрүүл байлгах, туслалцаа дэмжлэг авах боломжтой болох нь.
Одоогоор хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа ямар ч үнэ төлбөргүй сэтгэл заслын аппликейшинууд : Biobase, Woebot, Youper, Wysa, Replika, Sanvello, Depression CBT self-help guide, Moodpath.
Эх сурвалж: Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлуудаас авсан болно
Cummins, N., Scherer, S., Krajewski, J., Schnieder, S., Epps, J., & Quatieri, T. F. (2015). A review of depression and suicide risk assessment using speech analysis. Speech Communication, 71, 10-49.
Firth, J., Torous, J., Nicholas, J., Carney, R., Pratap, A., Rosenbaum, S., & Sarris, J. (2017). The efficacy of smartphone‐based mental health interventions for depressive symptoms: a meta‐analysis of randomized controlled trials. World Psychiatry, 16(3), 287-298.
М.Халиун
Нийтлэлийг хуулбарлахыг хориглоно.