Японы батлан хамгаалахын яам "үл таних нисдэг биет"-тэй таарсан тохиолдлуудыг бүртгэж эхэлнэ
Өнгөрсөн 7 хоногт Пентагоноос нууцлаг нисдэг биетийн бичлэгүүдийг ил болгосны дараа Японы батлан хамгаалахын яам UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй таарсан тохиолдлуудыг бүртгэж эхлэхээр төлөвлөжээ.
Тэдгээр дүрсийг 2004 болон 2015 онд АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн аж. Бичлэгүүдэд нисэж яваа үл таних биетүүд асар өндөр хурд, чадварлаг маневртайгаар явж байгааг харуулжээ.
Хэдийгээр японы агаарын хүчний нисгэгчид үл таних нисдэг биеттэй таарч байгаагүй ч цаашид боломжтой тул протокол хөтөлж явах болсныг батлан хамгаалахын сайд Таро Коно мэдэгдсэн байна.
"Үнэнийг хэлэхэд би UFO байдагт итгэдэггүй. Гэхдээ Пентагоноос тэдгээр бичлэгүүдийг ил болгосон тул АНУ-ын талаас юу хэлэх, ямар дүгнэлттэй байгааг сонсмоор байна" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Эх сурвалж: Japan Today