Гэрээсээ чаддаг зүйлээ хийж мөнгө олмоор байна уу? (Фрилансингийн талаар мэдэх ёстой зүйлс)
Freelancer гэж юу вэ?
Танд заримдаа ажлын таван өдөр ширээний ард суухгүйгээр гэртээ байж байгаад мөнгөтэй болмоор санагдаг уу? Тэгвэл интернетийн асар хурдтай хөгжил дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг гэрээсээ, эсвэл аялаж явахдаа хаанаас ч ажлаа хийх боломжтой болгожээ. Энэ төрлийн ажлыг ерөнхийд нь Freelancer гэдэг бөгөөд Монгол хэлнээ чөлөөтэй ажиллагч гэж нэрлэдэг. Freenlancer-уудад ажлын тогтсон цаг гэж ихэнхидээ байдаггүй ба даалгасан ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг л ажил олгогчид шаарддаг. Жишээ нь Японд нэгэн оюутан маргааш өглөө дуусгах ёстой бие даалтаа өөр зүйл хийх зуураа интернэтээр хэн нэгнээр хийлгээд л нягталж суух боломжтой. Ажлыг нь хийж өгч байгаа хүн магадгүй Хятадад, Америкт, Тайландад ч байж болно. Гол нь энэхүү ажил нь аль аль талдаа ашигтай байдаг. Японд 20000 иений үнэтэй даалгавруудыг тайландууд эсвэл хятадууд 10000 иенээр л хийнэ.
Англи хэл сайн мэддэг л бол чаддаг салбартаа ажиллах боломжтой, мэдээж эхэндээ маш их өрсөлдөөнтөй, нэр хүндтэй freelancer-уудаас өрсөж ажил авна гэдэг хэцүү. Мөн сайн дураараа, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ажилладаг freelancer-ууд ч бий. Ихэвчлэн программистууд, дизайнерүүд гэх мэт голцуу ганцаараа сууж ажилладаг хүмүүс freelancing хийх нь түгээмэл байдаг. Мөн бичих, шивих, мэдээлэл оруулах, орчуулах гэх мэт ажлууд ч байна. Ажлаасаа гадна нэмэлт орлого олох, ажилдаа илүү сайн болж, дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсвэл freelancing хийж болно.
Freelancers-н сайтууд
Програм хангамж, инженер, график дизайнер, орчуулагч, тестер, бүтээгдэхүүн танилцуулга бэлдэгч, page хөтлөгч, аялалын туслагч гэхчилэн төрөл бүрийн ажил онлайн сайтад байх ба ажил хайж болох хамгийн том сайтуудаас дурдвал Freelancer.com, Upwork.com зэргүүд юм. Тэд төлбөрийн дундаас нь шимтгэл авч ажилладаг ба энэ нь ихэнхдээ нийт цалингын 20% байдаг. Эдгээр сайтуудаар дамжуулан ажил авахыг хүсвэл та эхлээд дурын банкинд долларын данс нээлгээд PayPal-тэй болж болно. Дараа нь PayPal аккаунтаараа дажуулан профайл нээнэ. Нээсний дараа ажил олох хэрэгтэй. UpWork, Freelancer-д олон мянган туршлагатай ажилчид байдаг учир эхэндээ тэр их өрсөлдөөн дундаас ялгарч гарах нь боломжгүй мэт байвч хэрэв үнэхээр чаддаг юмаа сайн хийдэг бол өөрийгөө сайн сурталчилаад ажил олох боломжтой. Та эхний ээлжинд бусдаас бага төлбөр санал болгож эсвэл бусдаас бага цагт чанартай дуусгана гэдгээ мэдэгдэж ажил олж болох бөгөөд гүйцэтгэсний дараа ажил олгогчоос авах оноогоо цуглуулсаар байгаад акулуудын эгнээнд орж хамаагүй илүү өндөр цалинтай болж чадна.
Гэрээт зайны ажилтан
Сүүлийн үед олон нийтийн сүлжээ ашиглан бүтээгдэхүүн рекламдах, борлуулах зэрэг чөлөөт ажлын байрнуудын орон тоо ихсэх болсон энэ үед сошиал сүлжээг мэдэрч, идэвхтэй ашигладаг бол энэ төрлийн ажлын байрыг сонирхож болох юм. Мөн дээр дурдсанчилан гадаад сайтаар дамжуулах бус Монголынхоо байгуулгуудтай хамтран хийсэн ажлуудаа алсаас явуулаад хөдөлмөрөө үнэлүүлж болох бөгөөд заавал бүтэн цагаар бус чөлөөт цагаараа хийж амжих хэмжээний ажлуудыг ч авж болно. Гэхдээ үүний тулд ажил олгогчтойгоо биечлэн уулзаж эсвэл имайл ашиглан гэрээ байгуулсан нь хэн хэндээ амар байна. Зайны нийтлэгч, сэтгүүлч, орчуулагч, эвлүүлэгч, beatmaker, зураг засварчин(photoshop), борлуулагч, маркетинг зэрэг ямар ч ажил байж болно. Сүүлийн үед энэхүү салбарын орон тоо өсөн нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Үүнээс гадна танд компьютер байгаад бусдыг хөгжөөж, гайхшруулах чадвартай бол олон нийтийн сүлжээнд тоглоом тоглож буйгаа live эсвэл бичлэг хэлбэрээр оруулж үзэгчдээс donate(дэмжлэг) аван нэмэлт орлого олох боломжтой. Дэмжлэг нь чихэвч, хулгана, бараа бүтээгдэхүүн, стар, хөнгөлөлтийн купон зэрэг байж болох ба үүний хажуугаар бараа бүтээгдэхүүн, байгуулгуудыг рекламдаж болно. Мэдээж уг салбар хэдийнээ өрсөлдөөн ихтэй болсон ба Монголд энэ чиглэлээр ажилладаг stream-чдээс дурдвал: DVK, Munzune, Cts, Neo, Groove, Caster EG-г нэрлэж болох ба үүний цаана хэдэн зуун хүн байгаа бөгөөд та хичээгээд үзвэл тэднээс илүү ч гарах боломжтой. Таньд амжилт хүсье.
Н. Бат-Эрдэнэ
Нийтлэлийг хуулбарлахыг хориглоно