1 СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.
С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилж, Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. Энэ талаарх тогтоол батлагдсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж сонордуулав.
2 Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор боллоо.
Ингэснээр иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг маргаашаас эхлэн тогтмол авах боломжтой болж байна.
Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан
- Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
- Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
- Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
- Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
- Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
- Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулсан юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
3 1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш И баримт аппликэйшнээр дамжуулан тараана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын нэгний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байсан юм.
Дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн
Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ.
Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна.
4 Соёмботой ууланд дахин гал гарч, нэг га талбай шатжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр гал гарсан байна.
Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч ажиллан, галыг бүрэн унтраасан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Галын улмаас нэг га газарт шар өвс шатсан байна.
Өмнө нь Соёмботой ууланд дөрөвдүгээр сарын 24-нд гал гарсныг онцгой байдлын алба хаагчид болон иргэд хамтран нэг цаг орчмын хугацаанд ажиллаж, бүрэн унтрааж байв.
Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.
5 ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж, 10 иргэн эдгэрсэн байна
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 227 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Манай улсад нийт 466 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 38 хүн бүртгэгдсэнээс 28 хүн эмчлүүлж байгаа. Харин 10 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Өчигдөр 284 хүн тусгаарлалтаас гарлаа.
Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхааруулж байна" гэв.
6 Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна.
Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, 05 дугаар сарын 01-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.
Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна.
Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
7 Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.
Тодруулвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.
8 Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх автозамын нэг урсгалыг хаана
СХД-н 29-р хороо Энхтайваны өргөн чөлөөний төв замыг Баруунаас Зүүн төвийн хэсгийг хааж дулааны шугам угсралтын ажил хийгдэх тул 2020.05.01 оройны 23:00 цагаас 2020.05.03 өглөөний 06:00 цагийн хооронд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын буцаж эргэх уулзвараас Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх тухайн зорчих хэсгийг эсрэг урсгалаар хамт зорчуулж зорчих хэсэг нарийсаж, хөдөлгөөний ачаалал ихсэх тул иргэд, жолооч та бүхэн анхаарна уу.
9 Махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Улаанбаатар хотод махны өргөтгөсөн худалдааг V сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаарх ажлын хэсгийн хурлыг хийжээ. Мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
10 ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Одоогоор түүнийг ямар шалтгаанаар ийнхүү явуулж байгаа нь тодорхойгүй байна.
Д.Даваасүрэн нь 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашжээ.