Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Аргентин улс гадаад, дотоодын бүх нислэгүүдийг 9-р сарын 1 хүртэл хориглох шийдвэр гаргажээ.
Эрх баригчид агаарын тээврийн компаниудад ирэх 4 сарын хугацаанд гадаад, дотоодын ямар ч нислэгт тийз худалдаалах, захиалга авахыг хориглосон байна. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Аргентин улс өнгөрсөн сард хатуу хөл хорио тогтоосон ба гадаадын иргэдийн хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон билээ. Жон Хопкинсийн их сургуулиас мэдээлж байгаагаар тус улсад коронавирусын халдвар авсан 4000 орчим тохиолдол бүртгэгдсэний 192 нь нас бараад байгаа аж.
Аргентиний Үндэсний Агаарын тээврийн удирдлагаас энэ даваа гарагаас эхлэн гадаад, дотоодын бүх чиглэлийн нислэгийн тийзийг борлуулахыг хоригложээ. Үүнтэй холбоотойгоор Олон улсын Агаарын тээврийн агентлаг болох IATA Аргентиний засгийн газарт захидал илгээсэн ба уг захидалдаа гадаад дотоодын нислэгүүдийг цуцлах нь хоёр талын хамтарсан гэрээг зөрчиж байгааг онцлон, уг шийдвэрийн улмаас Аргентиний 300 мянга гаруй иргэн ажилгүй болох эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.
Латин Америк, Карибын агаарын тээврийн компаниудын ашиг сонирхлыг хамгаалдаг Alta групп нь Аргентиний засгийн газар агаарын тээврийн салбарын төлөөлөгчидтэй зөвшилцөлгүйгээр шийдвэр гаргасан хэмээн мэдэгдээд байна. Өмнөд Америкийн ихэнх улс орнууд коронавирусын цар тахалтай холбоотойгоор гадаад дотоодын нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргаж байсан ч нислэгүүдийг Аргентинтай адил олон сарын турш цуцлах шийдвэрийг ямар ч улс гаргаагүй билээ.
Эх сурвалж: BBC