Германы эмч нар хамгаалах хэрэгслийн хангалтгүй байдлыг эсэргүүцэж, нүцгэлжээ
Германы эмч нар хамгаалах хувцас хэрэгслийн дутагдал тэднийг хэр их эрсдэлд оруулж байгааг харуулж, олон нийтийн анхаарлыг татахын тулд нүцгэлэн зураг даруулж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Түүнчлэн коронавирусын аюулыг урьдчилан анхааруулж, хэдэн сарын турш тусламж хүссэн боловч үүнийг нь үл ойшоосон тухай дурджээ.
Уг арга хэмжээнд оролцож буй ерөнхий эмч Рубен Бернау Германы эрүүл мэндийн сэтгүүл болох "Ärztezeitung"-д коронавирусын үед эмч нарт очих хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл нь дутмаг байгаа ба “нүцгэлснээрээ эмч нар хэр эмзэг нөхцөлд байгааг илэрхийлж байна” хэмээжээ.
Өөр нэгэн эмч "Бид шарх оёх ёстой болохоос маск оёх ёсгүй" гэжээ.
Энэ оны нэгдүгээр сард Германд коронавирусын анхны тохиолдол илэрснээс хойш тус улсын эмч нар хамгаалах хэрэгслийн хангамжийг шаардсаар ирсэн юм.
Хамгаалах хэрэгслийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ ихэсгэсэн боловч эмнэлэг, клиник болон асрамжийн газар зэргийг маск, шил, бээлий зэргээр бүрэн хангаж чадахгүй хэвээрээ байгаа юм.
Германы даатгалын байгууллагуудын сүүлийн үед хийсэн судалгаагаар эмч нарт дахин 100 сая гаруй нэг удаагийн маск, 50 сая гаруй филтер бүхий маск, 60 сая гаруй хормогч мөн ижил тоо хэмжээний нэг удаагийн бээлий хэрэгтэй байгаа аж.
Хамгаалах хэрэгслийн хэрэгцээ нь муж бүрд өөр өөр байгаа бөгөөд Рейн Вестфали болон Бавари мужуудад хамгийн ихээр дутагдаж байгаа юм.
"Хэрэв эмнэлгийн байгууллагууд баталгаатай тоо хэмжээг боломжийн үнэ ханштайгаар гаргаж чадвал асуудал үүсэхгүй” хэмээн Германы эрүүл мэндийн технологийн холбооны гүйцэтгэх захирал Марк-Пьер Мёлл дурдсан байна.
Эх сурвалж: TheGuardian