Иранд метилийн спирт коронавирусийг эмчилдэг гэдэгт итгэсэн 700 иргэн амиа алджээ
Метилийн спирт коронавирусийг анагаадаг хэмээн итгэж уусан 700 гаруй иранчууд амиа алдсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Тус яамны зөвлөх Хосейн Хассанян "2-р сарын 28-аас хойш 200 орчим хүн эмнэлгийн гадна, үлдсэн нь эмнэлэгт метилийн спирт хэрэглэж нас барсан" гэж Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ.
Ираны эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Киануш Жаханпур "Иргэд коронавирусээс сэргийлнэ, эдгээнэ гэж итгэснээс болоод спиртийн агууламжтай ундаа болон бодис уух нь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар орон даяар 5,011 гаруй хүн метилийн спиртэд хордон эмчилгээ хийлгэж байгаа" гэж хэлжээ.
Метилийн спирт (метанол) буюу модны спиртийг синтезийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Модыг хуурай нэрэх аргаар метилийн спиртийг гарган авах үед их хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Уг спирт нь өнгөгүй шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй.
Метилийн спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон өргөн ашиглана. 30-100 мл метанол үхэлд хүргэх аюултай.
Мөн Иранд архи, согтууруулах ундааны хордлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10 дахин ихэссэн гэж засгийн газрын 4-р сард мэдэгдэлд дурдсан байна.
Архины хордлогын үндэсний байгууллагын мэдэгдсэнээр 2-р сарын 20-наас 4-р сарын 7-ны хооронд 728 иранчууд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан аж.
Иранд 91 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд 5,800 иргэн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press