Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 3 саяыг давлаа
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд 3 саяыг давлаа. Үүний хамгийн олон буюу 1 сая тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм байна.
Өнгөрсөн оны 12- сарын сүүлчээр анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдэж байсан тус вирус 4 хүрэхгүй сарын хугацаанд 3 сая хүнд халдварлаж 221 мянган хүний аминд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дэлхий даяар коронавирусын халдвараар өдөрт дунджаар 82 мянган хүн өвчилж байсан бол эдгээрийн 25 гаруй хувь нь АНУ-д, 43 гаруй хувь нь Европын улс орнуудад бүртгэгджээ. Даваа гарагийн байдлаар коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 205 мянгыг даваад байна.
КОВИД-19 өвчин хамгийн ихээр бүртгэгдсэн Итали, Франц, Испани зэрэг Европын орнуудад сүүлийн долоо хоногуудад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа ч өнгөрсөн долоо хоногт эдгээр улс орнуудад өдөрт дунджаар 2000-5000 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 2.5 хувиар өссөн нь сүүлийн 2 сард бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт юм. Өнгөрсөн 3-р сарын сүүлээр коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөртөө 10 гаруй хувиар өсч байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д өдөрт дунджаар 30 мянга гаруй иргэн коронавирусын халдвартай нь тогтоогдож байсан байна. Ирэх 5-р сарын 4-нөөс Италийн эрх баригчид зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэн бол Испанид хөл хорионы дэглэмийг сулруулсанаар сүүлийн 6 долоо хоногийн турш гэрээс гараагүй хүүхдүүд гадаа гарч тоглох боломжтой болжээ АНУ-д ажилгүйдлийн түвшин 16 хувьд хүрч болзошгүй гэсэнтэй холбоотойгоор хэд хэдэн мужууд үйлдвэр, үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргаад байна. Коронавирусын халдвар авсан нийт иргэдийн 7 хувь нь Азийн улс орнуудад бүртгэгдсэн ба уг вирусын халдвар анх тархаж эхлэх үеэр халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан Япон, Сингапур зэрэг улс орнуудад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо энэ сард огцом нэмэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters