Оросын хамгийн олон коронавирусийн өвчтөнтэй эмнэлгийн сувилагч нар олноороо ажил хаяж байна
Оросын хамгийн олон коронавирусийн өвчтөн хүлээн авч байгаа эмнэлгийн сувилагч нар олноороо ажил хаясан тухай "Open Media" эрэн сурвалжлах мэдээллийн веб сайт даваа гаригт мэдээлэв.
Коммунарка хэмээх тус эмнэлгийн нэгэн сувилагч 2 сарын хугацаанд хэдэн арван сувилагч ажлаа хаясан тухай хэлжээ. Эмнэлгийн удирдлага шинэ хамгаалалтын хэрэгсэл, хоол хүнс, зохих байраар хангахаас татгалзаж, Ерөнхийлөгч Владимир Путины амласан шагнал урамшуулал олгохгүй байгаа тул ажлаасаа гарсан гэж тэрбээр мэдэгджээ.
Бямба гаригт сэтгүүлч Наталья Андреева мөн цалин хангалттай биш, хөдөлмөрийн орчин тааруу гэсэн ижил шалтгаанаас болж орон даяар эмнэлгийн ажилтнууд ажлаа хаяж байгаа тухай мэдээлсэн юм.
"Москвагийн эрүүл мэндийн хэлтсүүд хоорондоо маш сайн холбогдсон, хүний нөөцөө дундаа хуваалцдаг учраас бидний ажлын ачаалал буурна гэж байдаггүй." гэж нэгэн сувилагч хэлжээ.
Коммунаркагийн ерөнхий эмч Денис Проценко үүнийг үгүйсгэж, эмнэлэг "санхүүгийн тал дээр гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа" гэж мэдэгджээ.
Тэрбээр эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хомстлыг "үгүйсгэх аргагүй" гэж хүлээн зөвшөөрсөн боловч Оросын эрүүл мэндийн тогтолцооны үнэн байдлыг хөндөөгүй байна.
Путин 4-р сарын эхээр улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудын сарын урамшуулалд зориулж 10 тэрбум рубль (132 сая ам.доллар) амласан билээ. Тэрбээр коронавирусийн өвчнийг эмчилж буй эмч нар сард 80 мянган рубль (1,059 ам.доллар), сувилагч, түргэн тусламжийн эмч, жолооч нар 25,000 (336 ам.доллар) -аас 50,000 рубль (674 ам.доллар)-ын нэмэгдэл авах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.
Москвад нийт 45,351 коронавирусын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Оросын хэмжээнд 87,147 хүн халдвар аваад байгаа юм. Коммунарка одоогоор 644 өвчтөнд эмчилгээ хийлгэж байна гэж Проценко мэдэгджээ.
Эх сурвалж: The Moscow Times