Өмнөд Солонгосын удирдлагууд Ким Жон Ун амьд байгаа гэж мэдэгдэв
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гадаад харилцааны зөвлөх Мүн Чүнин CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун амьд бөгөөд биеийн байдал нь сайн байгаа хэмээн мэдэгджээ.
Тэрээр, "Манай засгийн газар Ким Жон Ун амьд бөгөөд эрүүл мэнд нь сайн байгаа гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хойд Солонгосын удирдагч энэ сарын 13-наас эхлэн Вонсаны бүс нутагт байгаа ба тус бүс нутагт ямар нэг ер бусын хөдөлгөөн ажиглагдаагүй." гэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 15-нд тохиосон өвөөгийнхөө ойн баярын үйл ажиллагаанд оролцоогүй нь олон нийтийн анхаарлыг татсан ба тэрээр уг үйл явдлаас 4 хоногийн өмнө Хойд Солонгосын улс төрийн товчооны хуралд суусан талаар тус улсын KCNN сувгаар мэдээлсэн билээ.
Америкийн CNN агентлагаар өнгөрсөн долоо хоногт Америкийн тагнуулын алба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал зүрх судасны мэс засал хийлгэсний дараа муудсан талаарх мэдээллийг шалгаж байгаа тухай мэдээлсэн юм. CNN агентлагийн мэдээнээс өмнө БНСУ-ын Daily NK сайтад Хойд Солонгосын удирдагч муу зуршил, хэт таргалалт болон ядаргаа зэрэг шалтгааны улмаас зүрх судасны мэс засалд орсон ба Ким Жон Ун Хянсан мужид байрлах эдлэндээ эмчилгээ хийлгэж байгаа тухай бичиж байжээ.
Эх сурвалж: BBC