Дональд Трамп жижиг, дунд бизнесүүдэд тусламж үзүүлэх 484 тэрбум долларын багц хөтөлбөрийг баталлаа
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт цар тахлын хямралын үед жижиг, дунд бизнесүүдэд зээл олгож, ажилчдын цомхотголоос сэргийлэх зорилготой хагас их наяд ам.долларын эдийн засгийн багц хөтөлбөрийг баталж, гарын үсгээ зурсан байна.
Энэхүү 484 тэрбум долларын багц нь коронавирусын дэгдэлтийн үед Цагаан ордноос эдийн засагтаа үзүүлж буй 4 дэх том тусламж болж байна. Энэ удаагийн багцаар өнгөрсөн долоо хоногт сангийн нөөцгүй болсноо зарласан АНУ-ын Жижиг, дунд бизнесийн төвийн тогтвортой цалин, урамшууллын бодлогыг сэргээж байгаа аж.
Мөн Трампын баталсан энэхүү хөтөлбөрт эмнэлгүүдэд тусламж үзүүлэх 75 тэрбум, COVID-19 өвчний тестийн ажиллагаанд зориулсан 25 тэрбум долларыг багтаажээ.
Жижиг, дунд бизнесүүдийг сэргээх хөтөлбөр энэ 7 хоногт АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхимд 388-5 гэсэн саналын харьцаатайгаар батлагдсан бол дээд танхимд Бүгд Найрамдах намын гишүүн Рэнд Полоос бусад бүх сенатчдын дэмжсэн саналыг аваад байв.
Эх сурвалж: New York Post