Эрдэмтэд 1990 оноос хойш дэлхийн нийт шавжийн тоо толгой 25 хувиар буурсан болохыг тогтоожээ
Дэлхийн шавж судлалын хүрээлэнгийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар сүүлийн 30 жилийн хугацаанд нийт шавжуудын тоо 25 хувиар хорогдсон тухай дурджээ. Үүний зэрэгцээ Европ дахь шавжуудын тоо эрчимтэй буурч байгаа нь эрдэмтдийг цочирдуулав.
Нийт 166 судалгааны баг 1700 цагийн судалгааг нэгтгэн гаргасны үндсэн дээр энэхүү тоог гаргаж ирсэн байна.
Судлаачид буйгаар Өмнөд Америк, Өмнөд Ази, Африк зэрэг судалгаа бараг явагдаагүй, тоо баримт байхгүй газруудын шавжийн нүүдэл болоод тархалтын тухай мэдээллээс тухайн бүс нутгийн тоо баримтыг таамагласан аж. Тэд газар тариалан, хотжилт зэрэг нь шавжийн тоо толгойг эрс бууруулах гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.
Шавж бол хамгийн олон төрөл зүйлтэй амьтан юм. Таамгаар бол дэлхий дээр хүн төрөлхтнөөс 17 дахин их тооны шавж амьдардгийн дээр дэлхийн экосистемийн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бие организм юм. Тэд ургамлын тоосыг хүртээж, бусад амьтдын хоол хүнс болдгоос гадна байгалийн хог хаягдлыг дахин боловсруулдаг билээ.
Өмнө нь 1973 онд ийм хэмжээний судалгаа хийгдсэн бөгөөд бөгөөд тухайн үеийн эрдэмтэд шавжийн хорогдол зогсохгүй бол "хүн төрөлхтний оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно" хэмээн анхааруулж байв. Тухайн үеэс хойш шавжийн хорогдол 5 дахин нэмэгдсэн байна. Бусад шинжээчид сүүлийн 50 жилийн хугацаанд шавжийн 50 хувь устаж үгүй болсон гэсэн тооцоог гаргажээ.
Сүүлийн үеийн зарим газраас хийсэн дүн шинжилгээгээр шавжийн тоо толгой Европ тивд хамгийн их буурч байгааг тогтоов,. Тухайлбал Германы шавжийн тоо толгой 1990 оноос хойш 75 хувиар хорогдсон байна. Энэхүү судалгааг удирдсан Лейпцигийн их сургуулийн биологийн цогц судалгааны төвийн мэргэжилтэн Роэл ван Клинк : "Энэ 25 хувийн бууралт бол үнэхээр айдас хүргэм тоо юм. Бидний ихэнх нь хүүхэд байхаас хойш дэлхийн нийт шавжийн дөрөвний нэг нь устсан байна шүү дээ. Хүмүүс бид хоол хүнсний ихэнх хэсэг маань шавжаас хамааралтай байдгийг санах хэрэгтэй. " гэж хэлсэн байна.
Мөн "Buglife" амьтдыг хамгаалах сайн дурын байгууллагын тэргүүн Мэтт Шардлоу: "Олон шавж устах аюулд орж байна. Энэхүү судалгаагаар шавжийн тоо толгой тогтвортой биш хэмжээгээр буурч байгааг харуулж байна. Хамгийн гол нь нисдэг шавжийн тоо толгой их хэмжээгээр буурч байгаа нь экологийн сүйрлийг авчрах болно." хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian