Д.Нямхүү: Москвад сурч байсан оюутнаас Коронавирусын халдвар илэрлээ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ.
Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн таван дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.
Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөсрдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.
ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан юм. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй" гэсэн мэдээллийг өглөө.