"Эрдэнэс Тавантолгой Майнинг"-ийг шалгаад "таалагдахгүй" бол татан буулгана
Уг нь энэ Засгийн газрын Тавантолгойн ордыг ашиглах бодлого тийм ч муугүй байв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дор 2019 оны долдугаар сарын 9-нд 296 дугаар тогтоолыг гаргасан.
Тогтоолын дөрвөн зүйл заалтын гол агуулга нь “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “...Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “...Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК байгуулагдсан.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Айлаар бол дөнгөж төвхнөж байтал наана нь уурхайчид эсэргүүцсээр хэд хонов. Цаана нь юу болсныг олон түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Шуудхан хэлэхэд улс төр л явж байв.
Тодруулж хэлбэл, уурхайчид жагсаж, эсвэл алхалт хийж эсэргүүцэл үзүүлж байхтай зэрэгцээд цахим сүлжээгээр “аймаар” мэдээлэл их явлаа.
Тэдгээрийг сийрүүлбэл “...Өнгөрсөн зуны наадмаар биднийг наргиж байх хооронд Тавантолгойг тасалж зарах тогтоол гаргажээ”, “...“Эрдэнэс Тавантолгой” ХК охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Наранхүүг томилжээ”, “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар з
ажээ”, “...“Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д Зүүн цанхийг шилжүүлсэн нь Засгийн газар нь УИХ-ын бүрэн эрхэнд халдсан хэрэг”, “......Өнөөдрийн “Эрдэнэс тавантолгой”-н ажилчдын эсэргүүцлийн жагсаал ч үүнтэй хообоотой” гээд л үргэлжилнэ.
Ерөөс энэ бол технологи л доо.
Тавантолгойн ордод яг шунаж байгаа жинхэнэ эзэн этгээд хэзээ ч ил гардаггүй. Наанаа баахан “сэлэмчин” ажиллуулдаг.
Эзэн үр дүнд хүрч, уурхайчдын эсэргүүцэл, цахим дайралтаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх айчихав. Айхдаа уржигдрын Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “Бусад” асуудлын хүрээнд яриад “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэсэн үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт өгсөн гэсэн мэдээлэл байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргах юм байна. Тэгэхээр энэ компанийг татан буулгах эсэхийг Засгийн газрын шалгалт шийднэ гэсэн үг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар ч айснаа ил болгож байгаа юм биш.
Сар гаруйн өмнө нэгэн намын даргын зөвлөх ярьж эхлэхэд нь л айгаад УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг дуудаж “...Энэ Засгийн газрын үед IPO хийх боломж бололцоо дэлхий нийтэд алга. Боломж, бололцоо алга. IPO хийхгүй, хойшлуулна” гэчихсэн байдаг.
Угаасаа өнөөдрийн дэлхийн байдал COVID19-т дарлуулаад юун манай Тавантолгойн IPO-тай манатай байна. Цагийн сайханд төлөвлөж байсанчлан 2020 оны эхний хагас жилд Хонгконгийн Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг лөөлөө болчихсон юм.
Харин “...Яадаг ч байсан зохион байгуулна” гээд байгаа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульдаа “...Оноо алдчих вий” гэсэн МАН-ын даргын жижигхэн айдас Ерөнхий сайдаас гарч байгаа л хэрэг юм.
Сангийн сайд, УУХҮ-ийн сайд хоёртоо “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэснийх нь дагуу нөгөө хоёр нь шалгалт хийж, дүгнэлтээ гаргачихаад, бас энэ компанийг байгуулахад, одоо зарцуулагдаж байгаа хэдэн тэрбумын зарцуулалтын дүн гаргаад өрөөнд нь явж орно.
Уурхайчдаар илэрсэн эсэргүүцлийг “...Хүлээж авсан”, эсвэл PR-даад байгаагаар нь “...Нам дарсан” гэдгийнх нь төлөөсөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн онд олсон арвин их ашгаас баахан хорогдоод л өнгөрнө.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин