Дональд Трамп ногоон картны сугалааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирустэй холбоотойгоор ногоон карт олгохыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ.
Уг захирамжийн дагуу АНУ-д ногоон картын дагуу байнгын оршин суух хүсэлт гаргасан цагаачдыг АНУ-д нэвтрэхийг 60 хоногийн хугацаатай хориглох бөгөөд энэ хугацааг цааш сунгах боломжтой юм байна.
"Америк бүгдэд нээлттэй байсан хэдий ч энэхүү аюулт тахлаас болоод энэхүү байр суурийг дахин харж үзэх хэрэгтэй боллоо. олон сая америкчууд ажилгүй болоод байгаа энэ үед тэдний ажлын байрыг хадгалах үүднээс ийм арга хэмжээ авахаас өөр зам байхгүй. Одоо зөвхөн тариа ногоо хураах урилгын ажигчдыг хэвээр оруулна" гэж Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп цагаачлалын тухай тусгай захирамж нь коронавирусын цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралын үед америкчуудын ажлын байрыг хадгалах зорилготой гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэхүү захирамж нь АНУ-д түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэдэд хамаарахгүй аж.
Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч тухайн захирамжийн үйлчлэх хугацааг уртасгаж болзошгүй хэмээн мэдэгджээ. Коронавирусын цар тахлын улмаас АНУ-д 22 сая гаруй иргэн ажилгүй болсон ба Ерөнхийлөгч Доналд Трампын онцолсноор тэдгээр иргэдийг эргээд ажилтай болгох нь АНУ-ын засгийн газрын "нэн тэргүүний үүрэг" аж. Тэрээр, "Коронавирусын цар тахлын улмаас ажилгүй болсон америкчуудыг гадаадаас ирэх ажиллах хүчээр солих нь буруу бөгөөд шударга бус юм. Бид иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахыг хүсч байна." хэмээн мэдэгджээ. Байнгын оршин суух виз буюу ногоон карт нь цагаачдад АНУ-д байнга оршин суух, АНУ-ын иргэн болох хүсэлт гаргах боломж олгодог бөгөөд жилд 1 сая орчим иргэн АНУ-д байнга оршин суух хүсэлт гаргадаг байна.
Эх сурвалж: FOX