Дэлхийн хэмжээнд зүрхний өвчтэй 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчнөөр нас барж байна. Харин манай улсад зүрх судасны шалтгаантай өвчлөл, түүний нас баралт сүүлийн 20 жилд хоёр дахин өсчээ. Ялангуяа, зүрхний цочмог шигдээс буюу зүрхийг тэжээдэг титэм судасны өвчнөөр өвдөж, гэнэтийн нас баралтын 34.4 хувийг эзэлж байна. Тиймээс сүүлийн таван жил өглөө бүр тасралтгүй гүйж байгаа иргэн Г.Нямдэлгэрийн зөвлөгөөг хүргэж байна.
ӨДӨРТ НАЙМАН КМ АЛХАЖ ЧАДВАЛ БИЕ ЭРҮҮЛЖИНЭ
-Судалгаанаас харахад сүүлийн 10-аад жилийн хугацаанд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 30 хувийг эзэлж байна. Хамгийн харамсалтай нь 20 орчим насны залуус энэ өвчнөөр өвчлөх нь ихэсчээ. Улсын том эмнэлгүүдэд эмчлүүлж буй иргэдийн дийлэнх хувийг 35- 40 насны залуус эзэлж байна. Үүнээс харахад манай иргэд архи, тамхи, өндөр калоритой хоол хүнс их хэрэглэдэг хэрнээ дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадахгүй байна. Тиймээс 20-30 насны залуус ид хийж бүтээх үе дээрээ хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад нас барах эрсдэл дагуулж байна.
Тиймээс эрүүл байх энгийн алхамуудыг хүн амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ядаж ажил гэр рүүгээ өглөө оройд алхаж байх хэрэгтэй. Хамгийн багаар бодоход өдөрт найман км буюу 10 мянган алхалт хийж байж хүний бие эрүүл байна.
Алхах олон талын ач холбогдолтой. Биеийн булчингуудыг суллаж, тархи амрааж өгдөг. Өглөө тархи сэргэлэн, бие хөнгөн ажлын идэвх сэргэдэг. Дээрээс нь сэтгэл зүйн хувьд эерэгээр нөлөөлөхөөс гадна агаарлах, хөл гарын дасгал хөдөлгөөнөө жигдрүүлэх боломжтой. Та жирийн үед алхдаг шигээ арай хурдан хэмнэлээр буюу цагт таван км цагийн хурдтай алхахад л болно. Өдөр бүр гүйж заншсан хүмүүс шогшиж гүйхийнхээ оронд эрчимт алхалтыг сонгох нь их байна. Алхахад ямар нэг тоног төхөөрөмж, зориулалтын талбай шаардлагагүй. Жилийн ямар ч улиралд хийж болох дасгал. Хэрэв алхаад сурчихвал таргалалтаас айх хэрэггүй болно. Мөн зүрх судасны өвчнөөс сэргийлнэ гээд энгийн алхалтын ач тус их.
Г.Отгонжаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин